АШУҮИС тархи судлалын хүрээлэнтэй анхны сургууль болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-04-24 15:24:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн дэргэд байгуулж буй Тархи судлалын хүрээлэнгийн нээлт өнөөдөр болов.


XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан бол тархи судлалын салбар юм. Тус судалгааны хүрээлэн нь тархи судлалын чиглэлээр Монголдоо анхдагч болж буй онцлогтой бөгөөд монгол хүний уураг тархины онцлогт тулгуурлан судалгаа хийх аж. Ойролцоогоор 2.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулжээ.


Хүрээлэнг байгуулснаар орчин үеийн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, салбар дундын судалгааны платформ үүсгэх, суурь судалгаа болон эмнэл зүйн туршилт судалгаа хийх нөхцөлөөр бэхжүүлэх болон гадаад, дотоодын судалгааны төвтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон хэлэхдээ, “АШУҮИС-ийн цөм лаборатори өндөр хүчин чадал бүхий  орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, олон улсад генийн инженерчлэл болон бусад судалгаанд өргөн ашигладаг хар хулганы колонийг үржүүлж байгаа бөгөөд өндөр хөгжилтэй орнуудад нарийн мэргэжил эзэмшсэн дадлага туршлагатай судлаачид ажилладаг. Бидний хувьд, энэхүү цөм лабораторийнхоо нөөц бололцоонд тулгуурлан энэхүү хүрээлэнг байгууллаа. Бид цаашдаа салбар дундын судалгааны лаборатори байгуулж генийн инженерчлэлийн технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.


Түүнчлэн тус хүрээлэнд хүн амын дунд зонхилон тохиолддог сэтгэцийн ба мэдрэлийн эмгэг болох сэтгэл гутрал, амиа хорлолт, айдас, донтох эмгэг, парконмоны эмгэг, цус харвалт, артерийн даралт ихсэх өвчин, мэдрэлийн ядаргааны талаарх судалгаа хийх юм.


Тархи судлалын хүрээлэнгийн олон улсын эрдэмтдийн зөвлөлд Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, “Нейросайнс” сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон Нобелийн шагналт эрдэмтэн Эдварт Мозер, БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа тархи судлалын хүрээлэнгийн захирал Мү Минг Пүү нар дэмжлэг үзүүлэн ажиллах аж.


Холбоотой мэдээ