С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах түр хороо байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-25 11:51:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Түр хороо байгуулах" тогтоолыг батлав.


Олон улсын парламентын удирдах зөвлөлөөс "Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрээр, 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүн таслах ажиллагаа нь хүний эрхийн хэмжүүр болон шударга шүүхийн зарчимд нийцээгүй" хэмээн үзжээ. Тиймээс тус зөвлөл уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэх, цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс УИХ дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороо байгуулахыг уриалжээ. Энэ дагуу УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар, С.Зоригийг хөнөөсөн хэргийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар санаачлан боловсруулсан байна. Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нар ажиллахаар тогтоолын төсөлд тусгасан юм.


Тогтоолын төслийг хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “С.Зоригийг хөнөөсөн хэрэг 1998 онд гарсан. Гэвч үнэн зөвөөр шийдэж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Тиймээс УИХ-ын түр хороо Үндсэн хуулийн хүрээнд шуурхай ажиллах шаардлагатай” гэв.


Ийнхүү санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 88.6 хувь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ. 

Холбоотой мэдээ