Баян-Өлгийн 20 сурагч гадаадад тэтгэлгээр суралцах эрх авчээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-26 11:06:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Олон Улсын Боловсрол хөгжил" сангаас энэ сарын 21-22-ны өдөр Өлгий хотноо зохион байгуулсан Тэтгэлгийн шалгалтын хоёрдугаар шатанд тэнцсэн Баян-Өлгий аймгийн 20 сурагч гадаадад 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхтэй болжээ.

Тэтгэлэгт шалгалтын эхний шат өнгөрсөн сард болж, энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөх 350 гаруй сурагч оржээ. Үүнээс математикийн шалгалтаас оноогоор эхний 41 байрт, англи хэлний шалгалтаас эхний 14 байрт орсон хүүхдүүд хоёр дахь шат буюу ярилцлагын шалгалтад орох эрх авсан аж.

Шалгалтыг тус сангийн тэргүүн Н.Мөрөн тэргүүтэй хүмүүс авчээ. Шалгалтаа амжилттай өгсөн 11 сурагч БНХАУ-д, дөрвөн сурагч АНУ-д, хоёр сурагч Канад, нэг сурагч Австрали улсад үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнуулсан байна.

 “Олон Улсын Боловсрол хөгжил” сан нь иргэдийн боловсролыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд өнөөдрийг хүртэл манай улсын 263 суралцагчийг АНУ, Австрали, Солонгос, БНХАУ, Япон, Унгар зэрэг оронд суралцуулаад байгаа ажээ.

Холбоотой мэдээ