Малчин, тариаланчдаас ус бохирдуулсны төлбөр авах хуулийн төслийг буцаав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-04-26 10:53:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.


Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, экосистемд сөрөг нөлөөлөл үзүүлэх болсон. Тухайлбал, Улаанбаатар хотын үйлдвэрүүдийн хаягдал, Төв цэвэрлэх байгууламжийн ачааллаас үүдэн Туул гол ихээхэн бохирдоод буй юм. Тиймээс ус бохирдуулсны төлбөр авах зохицуулалтыг хуулийн төсөлд тодорхой тусгажээ. Хуулийг хэрэгжүүлснээр ус бохирдуулсан аж ахуйн нэгжүүдээс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум төгрөгийн төлбөр авах боломжтой хэмээн Засгийн газар үзжээ. Мөн уг төлбөрийн 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.


Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр буюу энэ сарын 25-ны чуулганы нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир санал гаргаж, хэлэлцүүлгийг түр хойшлуулсан юм. Харин өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураав. Тухайлбал, дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагчид нь буцаав. Уг хуулийн төсөлд малчин, тариаланчдаас ус бохирдуулсны төлбөр авах зохицуулалт тусгасан байсныг гишүүд эсэргүүцсэн юм. Ийнхүү Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.


Чуулганаар Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсөвийн тухай тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж эхэллээ.

Холбоотой мэдээ