Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг сурагчид дуу хоолойгоо нэгтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-04-30 13:15:11

Увс /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” тохиож байгаатай холбогдуулан Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид аймгийн төв гудамжаар парад алхаж дуу хоолойгоо холбогдох хүмүүст хүргэлээ. Үүгээрээ тэд сурагчдыг буруу зүйл хийсний төлөө гар хүрэх, загнаж доромжлох, ялгаж гадуурхах нь багш, сурган хүмүүжүүлэгчдийн хэрхэвч гаргаж болохгүй үйлдэл гэдгийг ойлгуулахыг зорьсон юм.

Энэхүү үйл ажиллагааг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгууллаа.

“Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг дэлхий нийтээр 1998 оноос тэмдэглэж ирсэн байна. Харин манай улс 2006 оноос хойш жил бүр уламжлал болгон тэмдэглэх болжээ. Энэ өдөр олон улсад эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлдэг байна. “Боловсролын орчинд хүүхдийг зодож шийтгэхгүй байх” тухай хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэхэд багш, сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг оролцоо, дэмжлэг нэн чухал байгаа аж.

 

Холбоотой мэдээ