“Хуульчийн про-боно” өдрөөр иргэдэд хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-01 15:20:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монголын хуульчдын холбооноос санаачилсан иргэдэд хуульчдын мэргэжлийн  зөвлөгөө өгөх сайн үйлсийн “Хуульчийн про-боно-2019” өдөрлөгийн үйл ажиллагааг Дундговь аймагт анх удаа зохион байгууллаа.

Нийтийн төлөө гэсэн хуульчдын сайн үйлсийн энэхүү үйл ажиллагааг тус аймгийн ЗДТГ, МХХ-ны салбар хамтран зохион байгуулж, тус холбооны бүтцэд харъяалагддаг аймгийн Шүүх, Прокурорын газар, Өмгөөлөгчид, Цагдаагийн газар, нотариат, ШШГГ, Шүүхийн шинжилгээний алба гээд 11 байгууллага иргэдэд мэргэжлийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч, тэдний тулгамдсан болон мэдэхгүйгээсээ болоод хохироод байгаа зарим асуудлыг шийдвэрлэхэд тусалжээ.

Зөвлөгөө авахаар ирсэн иргэдийн дийлэнх нь зээл, барьцаат зээлийн асуудлаар хандаж, зөвлөгөө авсан аж.

Чөлөөт цаг, зав муутай байдаг хуульчид сайн дураараа нэгдэн, ТББ байгуулж, үндсэн ажлынхаа хажуугаар сайн дурын идэвх оролцоогоо нэмэгдүүлж, иргэдийнхээ тусын тулд нийгэмд тустай сайн дурын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдгийн нэг нь энэхүү “Хуульчийн про-боно” өдөр юм.

Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Хуульчийн про-боно” өдөр болгон орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байна. Тиймээс энэхүү сайн үйлсийн өдрийг цаашдаа жил бүр тэмдэглэн өнгөрүүлж, иргэдэд мэргэжлийн зөвлөгөө өгч байх ажээ. 

Холбоотой мэдээ