Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно-2019” өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулав.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал хэлэхдээ, “Иргэдийн өдөр тутмын асуудлыг нийслэлийн тамгын газраас зохицуулж байдаг. Бидний ажилд хамгийн хүндрэлтэй асуудал нь иргэд хууль эрх зүйн мэдлэггүй байгаа явдал. Тиймээс өнөөдрийн үйл ажиллагааг нийслэлээс дэмжиж хамтран оролцож байна” гэлээ.
Энэхүү өдөрлөгөөр, хуульчид өөрсдийн ажлын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээс гадна олон нийтийн сайн сайхны төлөө үнэгүй зөвлөгөө өгөх замаар мэргэжлээ сурталчлах, нийгмийн хөгжил, дэвшил болон иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд зөв мэдлэг, мэдээлэл олгох ач холбогдолтой" гэдгийг Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан онцлов.
Өдөрлөгийн үеэр ШЕЗ-өөс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн ажлыг танилцуулж, Шүүхийн төрөлжсөн архивын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүллээ. Мөн Татварын ерөнхий газраас Татварын шинэ хууль, тогтоомжийн талаар танилцуулга мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллах бол ШШГЕГ-аас өр төлбөргүй эсэх лавлагааг үнэ төлбөргүй олгов. НДЕГ-аас Нийгмийн даатгалын хууль, тогтоомж болон “Нийгмийн даатгал” аппликэйшныг танилцуулж байна. Мөн Монголын Нотариатчдын танхим, өмгөөллийн нөхөрлөлүүд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч байв.