МУИС-ийн “Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг"-ийг 10 оюутан хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-01 17:21:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг" гардуулах ёслол тус сургуулийн хичээлийн I байрны Дугуй танхимд өнөөдөр болов.


Энэхүү тэтгэлэг нь улсын болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн, үр ашиг бүхий технологи, шинэлэг бүтээгдэхүүн гаргасан суралцагсдыг дэмжих зорилготой. Нийт 20 орчим сая төгрөгийн тэтгэлгийг  4 бакалавр, 5 магистр, нэг докторантын хөтөлбөрт хамрагдаж буй 10 оюутанд олгосон юм.


МУИС-ийн "Оюутан төгсөгч"-ийн хэлтсийн дарга, доктор М.Эрдэнэчимэг хэлэхдээ, “Эрдмийн зөвлөлийн тэтгэлгийг хамгийн сүүлд 2012 онд олгосон. Олон жил тасарсан энэхүү тэтгэлгийн журмыг өнгөрсөн онд шинэчлэн, дахин олгохоор тогтсон. Үүний дагуу энэ хичээлийн жилд 10 оюутанд олгож байна. МУИС-д суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагчдын судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, урамшуулах зорилготой тэтгэлгийн  сонгон шалгаруулалтыг  МУИС-ийн захирлын тушаалаар томилогдсон бүх бүрэлдэхүүн сургуулийн профессор багш нарын төлөөлөл оролцсон ажлын хэсэг хуралдан тэтгэлэгт  хамрагдах хүсэлт гаргасан суралцагчдын материалтай танилцан, тэтгэлгийн зорилго, шаардлагын дагуу шалгаруулсан” гэв.

Шалгарсан 10 суралцагч МУИС-ийн бакалаврын түвшний сургалтын төлбөрийн дунджийн 60 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг гардсан юм.

МУИС-ийн ШУС-ийн газар зүйн хөтөлбөрийн докторант Э.Алтанболд, “Суралцах хугацаандаа 14 илтгэл, 10 гаруй эрдэм шинжилгээний өгүүллэг нийтлүүлсэн. Мөн БСШУС-ын сайдын нэрэмжит шилдэг залуу судлаачийн “Грант” хүртэж, олон улсын сэтгүүлд хамтарсан зохиогчоор хоёр өгүүллэг хэвлүүлсэн. Одоо нэгдүгээр зохиогчоор докторын ажлынхаа үндсэн хэсгээр олон улсын өгүүллэг хэвлүүлэхээр бэлтгэж байна. Газрын гадаргын судалгаа буюу геоморфологийн судалгаа хийдэг. Тэр тусмаа Монгол орны нуурын геоморфологийн чиглэлээр докторын зэрэг хамгаална” хэмээв.


Холбоотой мэдээ