Олон улсын сургалт зөвлөгөөнд оролцож илтгэл тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-05-02 10:21:35
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Азийн Бүтээмжийн байгууллага /APO/, Бүгд Найрамдах Бангладеш Улс /БНБУ/-ын Аж үйлдвэрийн яам, тус улсын Үндэсний Бүтээмжийн байгууллага хамтран БНБУ-ын нийслэл Дака хотод “Бүтээмжийн өсөлт, өрсөлдөх чадварын хариуцлагатай засаглал” сэдэвт Олон улсын сургалт семинарыг зохион байгууллаа

Тус семинарт 15 гаруй орны 30 гаруй төлөөлөгчид оролцсон аж. Монгол Улсыг төлөөлж Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитийн хэлтэс /ХШҮДАХ/-ийн дарга Д.Жаргалсайхан оролцжээ. 

Манай аймгийн төлөөллийн тухайд Дархан-Уул аймгийн ЗДТГ-т Олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн нь” сэдвээр илтгэл тавьсан байна. 

Уг илтгэлийг зөвлөгөөн зохион байгуулагчдын удирдлагын зүгээс “Сайн засаглалын шилдэг туршлагыг хуваалцахын хамт орон нутгийн иргэдэд маш их үр өгөөжөө өгч байгаад бид чин сэтгэлээсээ талархаж байна” гэсэн дүгнэлтийг өгсөн аж.

Олон улсын зөвлөгөөнд Монгол улсаа төлөөлөн орон нутгийн төрийн удирдлагын байгууллагад чанарын стандартыг хэрхэн тогтоосон, цаашид хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгч оролцох, бусад орны тэргүүн туршлагаас хуваалцаж нэвтрүүлэх нь ихээхэн ач тустай хэмээн зөвлөгөөнд оролцсон төлөөлөгч Д.Жаргалсайхан онцолсон байна.

Түүнчлэн олон орны эрдэмтэн судлаач, докторуудын баримталж буй хариуцлагатай, сайн засаглалыг хөгжүүлэх онолын мэдлэг, хэрэгжүүлж байгаа практик туршлага нь Засгийн газрын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг төрийн захиргааны бүх салбарт илүү ихээр хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах болно гэв
Семинарын үеэр олж авсан мэдлэг, туршлага, дадлага нь бидний цаашдын болон ирээдүйн төрийн захиргааны салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой
  ажээ.

Холбоотой мэдээ