"Долдугаар тусгай тасаг" киноны гол дүрийг таван ахмад жүжигчин бүтээжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын жүжигчин Г.Равдан, Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Ё.Цог, Д.Гүрсэд, соёлын тэргүүний ажилтан Д.Сүхбаатар нарын ахмад жүжигчдийн тоглосон, адал явдалтай кино удахгүй дэлгэцнээ гарна. Уг кинонд насаараа цэргийн алба хаасан бэлтгэл офицеруудын тухай өгүүлэх аж.
Ур чадвар, туршлагатай уран бүтээлчид хамтран тоглосон “Долдугаар тусгай тасаг” киног хэзээ нээхийг зарлаагүй байгаа ч, найруулагч Д.Отгонсүрэн “Монгол киноны 80 жилийн түүхэнд ахмад уран бүтээлчид хамтран гол дүр бүтээсэн нь тун цөөн. 34 жилийн өмнө "Анхны алхам" кинонд хэсэг ахмад гавьяат нэгдэн ажилласан байдаг. Манай “Онч мэргэн” продакшны хувьд, туршлагатай уран бүтээлчдээ киноны туслах дүр буюу аав, ээж, эмээ өвөөгийн дүрд бус хамтад нь гол дүрд тоглуулахыг зорьж, таван ахмад уран бүтээлчдээ санал тавьсан юм. Ахмад уран бүтээлчид маань их сайхан хүлээн авч, хамтран ажиллалаа" гэв.
1968 онд бүтээсэн “Анхны алхам”, 1996 он бүтээсэн “Мичдийн зургаан гялаан” кинонд ахмад уран бүтээлчид хамтран тоглосноос өөр сүүлийн үеийн дэлгэцийн бүтээл байхгүй аж. МУСТА Д.Сүхбаатар, МУАЖ Г.Равдан хоёр 1985 онд “Ацаг шүдний зөрүү” уран сайхны кинонд нэг хамтарч тоглосон байдаг. Нэг үеийн шахам таван ахмад жүжигчин хамтран тоглосон киноны зургийг Улаанбаатар хотод болон Хөвсгөл аймагт аваад дуусжээ.
“Долдугаар тусгай тасаг” уран сайхны киноны туслах дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Г.Золбоот болон жүжигчин Н.Ялалт, Ш.Доржсүрэн, Б.Навчаа зэрэг уран бүтээлч тоглосон байна.