80 сая долларын луйвар хийсэн авилгачдыг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-24 15:31:07

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын эрх баригчид оргон зугтсан хоёр авилгачийг баривчилсан байна. Тэд 80 сая долларын хохирол учруулсан хууль бус үйл ажиллагаанд оролцсон тухай Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яам мэдээлжээ.

Филиппиний эрх баригчид 500 сая юанийн /ойролцоогоор 77 сая доллар/ хууль бус санхүүгийн үйл ажиллагаанд холбоотой Мяо овогтой эрэгтэйг Хятадын талд шилжүүлэн өгсөн байна. Тэрбээр 2013 оны 10 дугаар сараас 2015 оны нэгдүгээр сар хүртэл өндөр хүү амлан 3000 гаруй хүнээс хууль бусаар мөнгө цуглуулжээ.

Ши овогтой нөгөө эрэгтэй өөрийнх нь компани хувьцаагаа АНУ-ын хөрөнгийн биржүүдэд гаргана гэж үйлчлүүлэгчдээ хуурсан байна. Тэрбээр мөн санхүүгийн системдээ хүмүүсийг шинээр татахыг үйлчлүүлэгчдэдээ санал болгожээ. Ийм аргаар тэрбээр 10 сая юанийг /1.5 сая гаруй доллар/ хууль бусаар эзэмшиж чадсан байна. Шиг Малайзын эрх баригчид Хятадад шилжүүлэн өгчээ.

Д.Жаргал

                                                                           

Холбоотой мэдээ