Нас барсан иргэд тарваган тахлаар өвчилсөн нь батлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-05-02 22:28:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын есдүгээр баг буюу Цагааннуур тосгоны хоёр иргэн тарваган тахлын шинж тэмдэг бүхий өвчнөөр өвчилж нас барсан. Лабораторийн шинжилгээгээр тухайн иргэд тарваган тахлаар өвчилсөн болох нь батлагдсан талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл мэдээллээ.

Тэрбээр, "Тарваган талын сэжигтэй тохиолдол дөрөвдүгээр сарын 25-ны өдөр бүртгэгдэж, 27-ны өдөр иргэн Т нас барсан. Тухайн иргэний эхнэр нь бас аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн тавдугаар сарын 1-ний өдөр нас барсан байгаа. Дээрх иргэд тарваган тахал өвчнөөр өвчилсөн нь клиник эмнэлэг зүй болон шинжилгээгээр батлагдлаа. Эхнэр нь тарваган талын булчирхайн хэлбэр, нөхөр нь хоол боловсруулах замын буюу гэдэсний хэлбэрээр өвчилсөн нь тогтоогдсон. Нэмж өвдсөн хүн одоогоор байхгүй" хэмээлээ.

Харин нас барсан иргэнд анх үзлэг хийсэн эмчийн хүүхэд халуурч байгаа гэх мэдээллийн талаар лавлахад,  хүүхдийн хоолой нь улайлттай, бие нь сул байгаа учраас томуугийн сэжигтэй байх магадлалтай гэсэн мэдээлэл ирсэн. Цагааннуур тосгоны ЭМТ-д нэгдүгээр хавьтлын 24 хүн байрлаж байгаа. Тухайн хүмүүсийг шинжилгээнд хамруулсан, удахгүй хариу нь гарна. Одоогоор хүүхдийг өвчний даамжрал хэмээн үзэхгүй байна гэлээ. 

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Нэгдсэн эмнэлэгт дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс бүрэн хөл хорио тогтоосон байгаа. С.Айгүлийн тайлбарласнаар, Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үйлчилгээг одоогоор Өлгий сумын дөрвөн өрхийн эрүүл мэндийн төв гүйцэтгэж байгаа аж. Зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийг орон нутгийн өмчит "Сансар" эмнэлэгт байрлуулж үйлчилгээ үзүүлж байна. Харин Төрөх тасгийн байр тусдаа учраас үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэдгийг тэрээр онцоллоо.

    

Холбоотой мэдээ