Ё.Баатарбилэг: Ирэх есдүгээр сарын 1 гэхэд сурах бичгийн хангамжийг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-02 15:56:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Отгонтэнгэр их сургуульд ажиллах хуваарийнхаа үеэр урьдчилан мэдэгдэлгүйгээр өнөөдөр Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуультай танилцаж, багш, сурагч, эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзав.


Сайд болон БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нар хэд хэдэн ангиар орж, зургаан настнуудын хэрэглэж буй цүнх, сурах бичгийн чанар, тоо, хэмжээ, жинг биечлэн үзэв. Тус сургуульд энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 10 бүлэгт 490 гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд 11 бүлэгт суралцах төлөвтэй байгаа аж. Нэг ангид дундажаар 40 гаруй хүүхэд хичээллэж байна.

Багш нарын их хурлын шийдвэрийн хэрэгжилт ямар байгааг тодруулахад “Бид их хурлын уриалга, шийдвэрийг багш нартаа танилцуулсан. Багш нарыг хичээлээс гадуурх ажилд дайчлах, сурагчдыг улсын төрөлжсөн олимпиадаас бусад уралдаан, тэмцээнд албадан хамруулах явдлыг зогсоосон” гэж сургуулийн захирал Б.Эрдэнэчимэг хэллээ.

Гэрийн даалгаврын ачаалал сурагчдыг залхааж, ядрааж байгаа гэсэн судалгаа бий. Багш Я.Оджаргал гэрийн даалгаврыг бууруулсан, долоо хоногт ямар хэмжээний даалгавар өгөхөө сургалтын менежертэйгээ зөвлөдөг болсон гэсэн юм.

10е ангиар ороход түүхийн хичээлээр “Монголын эзэнт гүрний дараах Монгол Улс” сэдвийг үзэж байлаа. Тус ангийнхан мэдээлэл зүй, англи хэл, технологи, зураг зүйн ном олдохгүй, гадуур худалдаанд 12-20 мянган төгрөгийн үнэтэй байдаг гэв. Сайд багш нарын өрөө, бага, дунд, ахлах ангиар орсны дараа хэлэхдээ, “Ялангуяа бага ангид яамнаас албан ёсоор зөвшөөрөөгүй нэмэлт ном хэрэглэж байгааг анзаарлаа. Эдгээр ном сурагчдад нэмэлт ачаа, хичээл, даалгаврын ачаалал үүсгэж байгаа юм биш биз. Зарим ангид дөрвөн жил хэрэглэсэн сурах бичиг байна. Энэ нь чанар, үзэмж, эрүүл ахуй талаасаа зохисгүй юм гэдгийг онцлоод ирэх есдүгээр сарын 1 гэхэд сурах бичгийн хангамжийг сайжруулна гэлээ.

Бага ангийн багш Л.Даваасүрэнгийн удирдсан ангийн хүүхдүүд сургуульд ороод юу сурснаа эцэг, эхчүүддээ тайлагнах өдөрлөгийн үеэр зочлов. Хүүхдүүд Төрийн шагналт Бэгзийн Явуухулангийн “Би хаана төрөө вэ” найраглалыг бүрэн эхээр нь чээжилснээ уншиж өгсөнд сайд баяр хүргэж, амжилт хүсэв.

Ё.Баатарбилэг БСШУС-ын сайдаар томилогдсоноосоо хойш багш, бага ангийн сурагчдын ачааллыг бууруулах, сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг сайжруулах, сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.

Тэрээр 48 дугаар сургуультай танилцсаныхаа дараа “Жижиг гэлтгүй, сургуулийн амьдрал, хүүхдийн орчинд засаж сайжруулах олон зүйл байгааг үе үе харж, ахиц өөрчлөлт гарч байна уу гэдгийг хянаж явах ёстой. Өнөөдөр гэхэд энд технологийн хичээл, хими, физикийн лабораторийн тоног төхөөрөмж, хүрэлцээ хангамж сайнгүй байгааг харлаа. Энгийн ангид биш технологийн танхимд орсноор хүүхдүүд техник, технологийн сэтгэлгээтэй, гарын дүйтэй, багаж, тоног төхөөрөмжтэй харилцах мэдэгдэхүүнтэй, аюулгүй ажиллагааны ойлголттой болно. Хими, физикийн хичээлийг туршилтгүйгээр ойлгоход бэрх. Тэгэхээр бодлогын түвшинд анхаарах ёстой юм байна, нийслэл, орон нутагтайгаа ч хамтрах хэрэгтэй юм байна” гэсэн юм.

48 дугаар сургуулийн хувьд энэ оны зургадугаар сард шинэ спортын заалтай болно гэсэн хүлээлттэй, барилгын ажил нь ид өрнөж байна. 2018-2019 оны хичээлийн жилд тус сургуульд Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 15 бүлэг буюу 700 гаруй хүүхэд хичээллэж байгаа юм. 21 дүгээр сургуулийн өргөтгөл энэ зундаа ашиглалтад орсноор 48 дугаар сургуулийн ачаалал, анги танхимын хүрэлцээ хэвийн байдалдаа орох аж. 

 

 

 


 

 

Холбоотой мэдээ