С.Бямбацогт: Цахим хэрэглэгчийг регистрийн дугаараар бүртгэвэл хуурамч хаяг цэгцэрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Дээрх хуулийн төслийн ЭЗБХ-ны анхны хэлэлцүүлгээр, нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас орохыг хориглох арга хэмжээ болгох үүднээс харилцаа
холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар бүртгэх, зах
зээлд давамгай хуулийн этгээд, хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй
нөхцөлийг олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах
зохицуулалтыг төсөлд нэмж тусгажээ.
Мөн харилцаа
холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зургаан
асуудлаар бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангахаар төсөлд тусгасан ч уг бодлогын баримт бичгүүдийг батлах субьект тодорхойгүй, олон
тооны бодлогын баримт бичгийг тус тусад нь батлахаар ойлгогдож байсан
тул Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн дээрх бодлогын баримт
бичгүүдийг Засгийн газар батлахаар өөрчлөн найруулсан байна.
Хуулийн төслийн зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураах үеэр зарим УИХ-ын гишүүд санал хэлэв. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Энэхүү хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Тэрбээр, "Цахим орчныг хязгаарлаж, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хааж болохгүй. Цахим орчинд иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Регистр, утасны дугаараар хязгаарлах нь байж болохгүй зүйл" гэв. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Хуулийн төслийг дэмжиж байгааг илэрхийлэв. Тэрээр, "Цахим хэрэглэгчийг утас, регистерийн дугаараар бүртгэснээр, бусдыг гүтгэдэг, гэмт хэрэгт уриалан дуудаж, ташаа мэдээлэл тараадаг хуурамч хаягнуудын асуудал цэгцэрнэ. Харин иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хааж, боосон зүйл байхгүй" гэв.
Ийнхүү дээрх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүллээ. Үргэлжлүүлэн чуулганаар, Радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, мөн ЭЗБХ-нд шилжүүлснээр УИХ-ын чуулганы хуралдаан завсарлав.