Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-07 17:26:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны өнөөдрийн хуралдаанаар, Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцэж, батлахыг дэмжив.


Энэхүү хуулийн төсөл нь хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд хэмжил зүйн бодлогоор дэмжлэг үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоож, хэмжил зүйн чилэлээр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн харилцааг зохицуулах зорилготой юм. Хуралдааны эхэнд дээрх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва танилцуулсан. Тэрээр танилцуулгадаа, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 26-нд нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснийг дурдав. Төслийн ажлын баг анхны хэлэлцүүлгийн үеэр дэмжигдсэн саналыг төсөлд тусгаж, үг хэллэг, найруулга, хууль зүйн техникийн засваруудыг хийсэн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Түүнчлэн анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн олонх дэмжээгүй 11.2 дахь хэсэгтэй холбоотой 8 дахь зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3 дахь заалтын дагуу дахин санал хураалгах нь зүйтэй хэмээн ажлын баг үзсэн байна. 


Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Гарамжав нар асуулт асууж, хариулт авлаа. Дараа нь ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж, шийдвэрлэв. 


УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” гэсний дагуу ЭЗБХ-ноос хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Д.Тэрбишдагва танилцууллаа. 


Хэмжил зүйн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсантай холбогдсон шилжилтийн хугацааны зохицуулалтыг тусгасан Хэмжил зүйн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулжээ. Үүнд хэмжих хэрэгслийн загварын туршилт, шалгалтын баталгаажуулалт, шалгалт тохируулгын ажлыг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэхээр тусгасан байна.


Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгосон хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөл уг зөвшөөрөлд заасан хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх юм байна. 


Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад зөвхөн хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгүүлсэн хэмжих хэрэгслийг хүн, мал эмнэлгийн оношлогоо, эмчилгээ, улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах болон худалдаа, үйлчилгээний зориулалтаар үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэсэн заалт нэмэх зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн. Аж ахуйн нэгж, байгууллага энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тусгасан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэв. 


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Улсын хэмжээнд хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөл бүхий 155 аж ахуйн нэгж байдаг бөгөөд эрх зүйн орчны өөрчлөлттэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг тэрбээр сануулаад төсөлтэй холбоотой санал гаргав. 


Ийнхүү төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Холбоотой мэдээ