УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга ажлаа хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-09 13:18:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Л.Өлзийсайхан ажлаа хүлээн авлаа. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар түүнийг дээрх албан тушаалд томилж, хуучин даргаар ажиллаж байсан Ц.Цолмонг өөрийнх нь хүсэлтийн дагуу чөлөөлсөн юм.


Л.Өлзийсайхан нь төрийн албанд 21 жил, үүнээс 8 жилд нь УИХ-ын Тамгын газарт ажиллаж байгаа туршлагатай төрийн албан хаагч бөгөөд УИХ-ын Тамгын газрын анхны эмэгтэй дарга болж байгаа аж.


УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон Удирлагын зөвлөлийн гишүүдийн хамтаар, шинээр албанд томилогдсон Л.Өлзийсайханыг хүлээн авч баяр хүргээд, УИХ-ын Тамгын газрын тамгыг гардуулж, ажлын амжилт хүслээ.


Л.Өлзийсайхан нь 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1999 онд хууль зүйн ухааны магистр хамгаалжээ. Тэрбээр 1998-2002 онд МУБИС, 2002-2015 он хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт газрын дарга, 2019 оноос Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байв.

Холбоотой мэдээ