Ерөнхий сайд Дадал, Баян-Адарга суманд ажиллалаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-05-10 22:20:47

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Засгийн газрын танхимын зарим гишүүд, аймгийн удирдлагууд Дадал сумын нисэх онгоцны буудалтай танилцлаа. 


Энэ үеэр Ерөнхий сайд хэлэхдээ "Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын төв болсон учраас Чингис хааны өлгий нутаг Дадал сум дэлхийн анхааралд өртөж, гадаад, дотоодын жуулчдын цуваа тасрахгүй. Иймээс томоохон Боинг 747 онгоц буухаар нисэх буудалтай байх учиртай. Тэгэхээр зураг төслөө боловсруулах, ТЭЗҮ гаргах шаардлагатай" гэдгийг захиж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онгоцны буудал барих бололцоотой гэдгийг дуулгалаа.


Үүний дараа тэд Баян-Адарга сумын "Төмөр бетон гүүр"-ийн барилгын ажлын шав тавилаа. Xэнтий аймгийн ЗДТГ, Зам тээврийн хөгжлийн яамны захиалгаар улсын төсвийн 4.5 тэрбум төгрөгийн өртөгтэй, 150 метр урт гүүрийг "Ган гүүр" ХХK гүйцэтгэхээр шалгарсан байна. Гүүр, угсралтын ажил өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно. Ажлын явцад Зам, тээвэр хөгжлийн төв хяналт тавих ажээ.

Ерөнхий сайдаар ахлуулсан баг үдийн хойно Монгол их хатдын өлгий Баян-Адарга суманд ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ