Дөргөн сумын Аргалант багийн ИНХ-ын “Жишиг хуралдаан” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-11 14:05:54

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн Иргэдийн нийтийн хурлын өргөтгөсөн “Жишиг хуралдаан” болов. 

Тус хуралдааны зорилго нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадваржуулах, үйл ажиллагааны үр дүнг сайжруулах,  иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, зарим асуудлыг газар дээр нь шийдэх, малчдын санал бодлыг сонсоход чиглэж байлаа. Энэ удаагийн хуралдааныг өргөтгөсөн байдлаар 9 дэх удаагаа зохион байгуулснаараа онцлог юм.  

Хуралдаанаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээг эрэмбэлэх, багийн Засаг даргын нэгдүгээр улирлын ажлын тайланд үнэлэлт, дүгнэлт өгөх, багийн өдөрлөг, овоо тахилгын тов тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Тус хуралдаанд Дөргөн сум болон багийн удирдлагууд, “Тогтвортой амьжиргаа-3” төслийн ажилтан, холбогдох мэргэжилтнүүд, Аргалант багийн иргэд хөдөлмөрчид оролцож, харилцан санал солилцов.  

Энэ үеэр малчин иргэдийн 90 орчим хувь нь “Чоно харайхын гүүр”-ний асуудлыг шийдэх тухай санал гаргав. Тус гүүр нь олон жилийн насжилттай учир эвдэрч, ашиглах боломжгүй болсон гэнэ.  Гүүрийг  сэргээн засварлахад 1 тэрбум 500 мянган төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж.  

Орон нутгийн хөгжлийн сангаар хийх ажилд иргэдийн санал хүсэлтийг тусгах, иргэдээс гарсан саналд үндэслэн ажлаа эрэмбэлэх нь хамгийн чухал байдаг. Тиймээс орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр ашигтай, зөв зүйлд зарцуулж байгаа эсэхэд  Тогтвортой амжиргаа-3” төслийн багийнхан хяналт тавьж, хамтран ажиллаж байгаа юм.

Ховд аймгийн Дөргөн сум нь мал аж ахуйн 3 багтай. Үүнээс Аргалант баг нь 205 өрх, 887 хүн амтай. Тус багт 105 малчин өрх бий. Тэд нийт 39598 толгой мал тоолуулжээ.

Холбоотой мэдээ