Монгол Улсын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Ховд аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-13 17:16:32

Ховд /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн барилдааны бага, дунд насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн  тавдугаар сарын 17-19-нд Ховд  аймагт болно. 

Тус тэмцээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн дүүргийн 44 багийн 700 орчим тамирчин 2005-2007, 2008 оноос дээш гэсэн 2 насны ангиллаар оролцож, 122 багц медалийн төлөө өрсөлдөнө гэж албаныхан мэдээллээ. 

Энэхүү тэмцээнд Ховд аймгаас 48 тамирчин оролцохоор бэлтгэл хийж байна. Тухайлбал, бага насны ангилалд 18, дунд насны ангилалд 30 хүүхэд оролцох аж.

Тамирчдын дасгалжуулагчаар аймгийн Биеийн тамир, спортын газрын Жүдо бөхийн дасгалжуулагч, спортын мастер С.Ганхуяг, түүний шавь Жаргалант сумын Лаборатори нэгдүгээр сургуулийн биеийн тамирын багш,  Жүдо бөхийн спортын мастер Г.Батсайхан нар ажиллаж байна.

Г.Батсайхан нь 17 жилийн өмнө буюу 2002 онд жүдо бөхийн барилдааны бага, дунд насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Алтан медаль хүртэж байжээ.

Энэ удаагийн тэмцээнийг аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Монголын Жүдо бөхийн холбоо, аймгийн Жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулах юм.

 

Холбоотой мэдээ