Монгол туургатан хүүхдийн наадам долдугаар сард болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Дэлхийн Монгол туургатан" хүүхдийн ардын урлагийн их наадам долдугаар сарын 22, 23-нд “Улаанбаатар чуулга”-д хоёр дахь удаагаа болно.
Өнгөрсөн жилийн наадамд 200 гаруй бяцхан авьяастан оролцож, авьяас чадвараа сорьсон бол энэ жилийн хувьд наадам илүү өргөжин 500 гаруй хүүхэд оролцох юм байна. Тухайлбал өнгөрсөн жил Өвөр Монголоос 70 гаруй хүүхэд оролцсон бол, энэ жил 200 орчим авьяастан оролцохоор болоод байна. Түүнээс гадна Буриад, Халимаг, Тувагаас төлөөлөгчид оролцоно. Мөн ОХУ-ын Монгол дахь Элчин сайдын яам дэмжиж оролцохоо илэрхийлсэн гэж “Монгол туургатны урлагийн өв сан” ТББ-ын тэргүүн О.Лхагважав мэдээллээ. Өвөр Монголын Одон телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн “Нахиа” студийнхэн энэ жил наадмыг дахин дэмжиж хамтран оролцохоор болжээ.
Өнөөдөр “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд болсон хэвлэлийн хурлын үеэр, “Монгол туургатны урлагийн өв сан” ТББ-ын ТУЗ гишүүн П.Сүхдамба, ӨМӨЗО-ын дуучин, Монгол улсын СУИС-ын урлаг судлалын докторант Б.Анар, БСШУСЯ-ны Соёл Урлагийн Газрын тайз, циркийн урлагийн бодлого хариуцсан мэргэжилтан Д.Мөнхцэцэг, ӨМӨЗО-ын Улаанцав аймгийн Олон улсын Морин хуурын боловсролын сургуулийн захирал Өргөн /Wurigen/, “Соёмбо” уран бүтээлийн нэгдлийн гүйцэтгэх захирал, “Түмэн эх” чуулгын дуучин С.Нэргүй нар наадмын тухай дэлгэрэнгүй ярив.
Өвөр Монголын дуучин Б.Анар Монгол Улсын СУИС-д магистрын зэрэг хамгаалж одоо докторантаар суралцаж байна. Өвөр Монголдоо Цэргийн чуулгын гоцлол дуучнаар ажиллаж, ардын урлаг, уртын дууны чиглэлээр хүүхдүүдэд зааж сургадаг шавь нараа энэ наадамд олноор оролцуулна хэмээв. Олон улсын Морин хуурын боловсролын сургуулийн захирал Өргөн /Wurigen/ ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ийнхүү олон улсын наадам зохион байгуулж буйд талархал илэрхийлж байв.
Наадмыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Одон” телевиз, Уран бүтээлийн “Соёмбо” нэгдэл хамтран зохион байгуулна.