УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-15 18:12:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Я.Содбаатар, Н.Амарзаяа нар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар уг хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барив.


УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын баг,  УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран олон улсын парламентын дэгийг судалж дээрх хуулийн төслийг боловсруулсан байна. Ингэхдээ ноднингийн чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийжээ. Хуулийн төсөл зургаан зүйлтэй юм байна. Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх журам болон ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх журам бүхий бүлэг шинээр нэмж, хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгосон байна. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах эрхтэй байхаар заажээ. Түүнчлэн Байнгын хороо төслийн талаар санал, дүгнэлт гаргах хүрээг хязгаарласан зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй зарим зохицуулалтыг тусгасан байна.  Тухайлбал, анхдугаар чуулганаар УИХ-ын даргыг сонгох хүртэл УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон, хэрэв олон удаа сонгогдсон хэд хэдэн гишүүн байвал тэдгээрийн насаар хамгийн ахмад гишүүн удирдаж байхыг зохицуулжээ. Мөн шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн тангараг өргөөгүй тохиолдолд түүнийг УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзсанд тооцох юм байна. Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг зөвхөн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж байх зэрэг зохицуулалтыг хийжээ.


Энэхүү хуулийн төсөлд  мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх дэгийг тодорхой болгоход чиглэжээ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн асуудлыг зохицуулж байгаа боловч Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал ... хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг баримтална” гэж заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран найм, Жаран есдүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хянан шийдвэрлэх үйл ажиллагааны зарчим, журмыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар тодорхойлон зохицуулсан байдаг.

Гэвч УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхэд дээрх хуульд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн нарийвчилсан, үе шат тус бүрийг хэрхэн хэлэлцэх, тухайлбал, Байнгын хороогоор хэлэлцэх дараалал, Байнгын хороодын гишүүдийн ирц, санал хураалт явуулах босго зэрэг дэгийн асуудлыг тусгайлсан зохицуулалт байхгүй байгаагаас үл ойлголцол үүсэх, мухардалд орох, эсхүл дур зоргоороо тайлбарлах зэрэг зөрчил бий болж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарчим, журам алдагдах нөхцөл бий болж болзошгүйг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. 

Холбоотой мэдээ