НҮБ-ын тэргүүн өсвөр насныхны дунд үр хөндөлт их байгааг онцлов

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-05-15 20:28:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикаваар ахлуулсан баг бүрэлдэхүүн энэ сарын 13,14-нд Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ аймгийн болон эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Энэ үеэр хатагтай Каори Ишикава Өвөрхангай аймаг эрүүл мэндийн салбартаа эхийн эндэгдлийг бууруулж чадсанд талархал илэрхийлээд, “Өсвөр үе, залуучуудын дунд хүсээгүй жирэмслэлт түүнийг дагасан үр хөндөлт их байна. Үр хөндөлтөөс үүдэн эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ хохирч байгаа асуудалд орон нутаг төдийгүй улсын хэмжээнд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна” гэсэн юм.

Харин аймгийн удирдлагууд хэлэхдээ, “Цагдаагийн газрын дэргэд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байрыг барихаар бэлтгэл ажил хийж байна. Энэ төвийг барьсанаар өсвөр насны хүүхэд, залуучуудад нөхөн үржихүйн боловсрол олгох, гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэг, мэдээллийг нь нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм” гэв. Мөн 50 ортой хүүхдийн эмнэлэг энэ онд ашиглалтад орох бөгөөд БОЭТ-ийн ачаалал буурч, өрөө тасалгаануудын хүрэлцээ, хангамж нэмэгдэнэ гэдгийг дуулгалаа.

НҮБ-ын ажлын хэсгээс Арвайхээрт ажиллах үеэрээ аймгийн БОЭТ-д зайн оношилгооны эх барихын яаралтай тусламжийн сургалтын тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, өсвөр үеийн эрүүл мэндийн кабинетууд болон хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай танилцсан байна.

 

Холбоотой мэдээ