“Улаанбаатарын үдэш” дууны зохиогчийн эрхийг ноцтой зөрчжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-16 13:01:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюуны өмчийн газраас энэ долоо хоногийг зохиогчийн эрхийн өдрүүд болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Оюуны өмчийн газар Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ-ын зохиогчийн эрхийн байгууллагын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

“Зохиогчийн эрх эдийн засаг болон хөгжлийн хөдөлгөгч хүч болох нь” сэдэвт дөрвөн талт уулзалтыг “Туушин” зочид буудалд хийнэ. Харин өнөөдөр гадаадын төлөөлөгчид оролцсон зөвлөгөөн эхэлж байна.

"Монголын уран бүтээлчдийн бүтээлийг гадаад оронд хууль бусаар борлуулах явдал гарсаар байна. "Хятадад “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбаатарын “Үгүйлэн санана”, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийн “Улаанбаатарын үдэш” дууны зохиогчийн эрхийг ноцтой зөрчжээ. Эдгээр дууг Хятадад болсон том шоун дээр хятад хүн зохиосон байдлаар дуулсан байна. Зохиогчийн эрхийн ийм  зөрчлүүд 2015 оноос хойш гарсаар байгаа. Монголын уран бүтээлчдийн бүтээлийг гадаад орны караокед дуулж, гар утсанд татах явдлууд ч гарч байна. Дээрх хоёр дуунаас гадна олон дууг хууль бусаар ашиглаж байгаа гомдол ирсэн. Бид энэ талаар Хятадын төлөөлөгчтэй ярилцаж, шийдэлд хүрнэ гэж итгэж байна” хэмээн Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн тэргүүн Б.Лхагвасүрэн ярилаа.

Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбооны гүйцэтгэх захирал Д.Төгсөө, “Монгол Улсад зохиогчийн эрхийн талаар дөрвөн талт уулзалт болж байгаа нь олон талын ач холбогдолтой. Энэ нь Монголын кино урлагийн салбарт чухал үр дүнтэй. Хятад, ОХУ, БНСУ-ын зах зээлд Монголын уран бүтээлчдийн бүтээл гарах боломж нээгдэж байгаа. Олон улсад гарахад оюуны өмчийг хамгаалах нь чухал байдаг. Уран бүтээлчид сүүлийн жилүүдэд Оюуны өмчийн газартай хамтран ажиллах болсон. Хятадын зах зээлд хууль бусаар кино цацагдаж эхэллээ. Иргэдийн хамгийн сайн ордог WeChat-аар дамжуулан цацаж байна. Энэ хууль бус үйл явдлыг зогсоох яриа хэлэлцээ хийнэ. Монгол Улс дотроо ч уран бүтээлчдийн зохиогчийн эрх зөрчигдсөөр байна. Үүнийг Төрийн болон Төрийн бус байгууллагатай хамтран засаж, сайжруулах болно. Манай байгууллага байгуулагдаад удаагүй байгаа ч уран бүтээлчдийн хууль эрх зүйн хамгаалалтыг сайжруулахад анхаарч ажиллана” гэлээ.
Холбоотой мэдээ