МАН-ын “Эв нэгдлийн цом-2019” спортын 4 төрөлт наадам эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-16 13:35:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-аас жил бүр анхан шатны гишүүд дэмжигчдийнхээ дунд зохион байгуулдаг, спортын дөрвөн төрөлт тэмцээний нээлт өнөөдөр Буян-Ухаа спорт цогцолборт боллоо.


Энэ жил тэмцээний цар хүрээ тэлж “Эв нэгдлийн цом-2019” нэртэйгээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын хороод, МАН-ын Удирдах Зөвлөл, Удирдах Зөвлөлийн ажлын алба, УИХ-дахь МАН-ын бүлгийн ажлын алба, нийслэлийн намын хороо, сургалт судалгааны Стратеги Академи, Монголын Үнэн сонин, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагын дунд зохион байгуулж байна.


“Эв нэгдлийн цом-2019” спортын наадмыг нээхэд МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар, МАН-ын ХЕХ-ны дэд дарга, Ёс зүйн хорооны дарга Т.Баасанцогт тэргүүтэй нийслэл, есөн дүүргийн намын хороодын дарга нар болон МАН-ын 21 аймгийн намын хороодын дарга буюу аймгуудын Засаг дарга нар оролцож баг тамирчиддаа амжилт хүслээ.


МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх “Эв нэгдлийн цом-2019” спортын наадмыг нээж: “МАН Монголдоо төдийгүй Азидаа том улс төрийн хүчин. 200 гаруй мянган гишүүн дэмжигчидтэй улстөрийн хүчний эд эс болсон намын анхан шатны байгууллагын төлөөллүүд нэгдэн эв нэгдэл хамтын хүчийг бэхжүүлэх, туршлага судлах, хоорондоо ойртон нөхөрлөх, хурд хүчээ сорин өрсөлдөх гэж байна. Энэ жил “Эв нэгдлийн цом-2019” спортын наадам хүрээгээ тэлж 700 гаруй тамирчид спортын дөрвөн төрлөөр өрсөлдөхөөр илүү олон болж ирсэнд талархал илэрхийлж амжилт хүсье” гэж хэллээ.


МАН-ын “Эв нэгдлийн далбаа”-г хүндэтгэлтэйгээр залах ёслол болж, далбааг нийт гишүүдийн гурван үеийн төлөөлөл буюу Завхан аймгийн ахмадын холбооны дэд дарга С.Төмөрбаатар 65 настай, Дорноговь аймгийн Сайншанд сумын төмөр замын намын хорооны 1-р үүрийн дарга н.Дуламсүрэн 72 настай, дунд үе Архангай аймгийн намын хорооны дэд дарга н.Хүрэлсүх, Сэлэнгэ аймгийн намын хорооны дэд дарга н.Рэгзэдмаа, залуу үе нийслэлийн намын хорооны Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооны нарийн бичгийн дарга н.Бат-Эрдэнэ 21 настай, Хэнтий аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооны нарийн бичгийн дарга н.Долгорсүрэн 18 настай нар хүндэтгэн залав.


“Эв нэгдлийн цом-2019” спортын наадам гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, теннисний төрлөөр 37 баг, 700 гаруй тамирчид 3 өдөр Буян-Ухаа спорт цогцолборт өрсөлдөнө. Өнөөдөр шатар, гар бөмбөгийн тэмцээнүүдийн эхний тойргийн тоглолтууд болох бол маргааш хагас шигшээ тоглолтоор үргэлжилнэ.

Холбоотой мэдээ