Хүүхдийн эмнэлгийн шав тавих ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-16 20:43:04

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Уг барилга нь зоорийн давхартайгаа нийлээд таван давхар бөгөөд нийтдээ 4040 метр квадрат бүхий ашиглалтын талбайтай байна. Мөн хий хангамжийн бүрэн станцтай, орчин үеийн стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хүүхдийн бүх төрлийн үзлэг оношилгоо, эмчилгээ хийх бүрэн боломжтой аж. Энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор Увс аймгийн хүүхэд багачуудад үзүүлэх эмнэлгийн чанар хүртээмж сайжирч, тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдэх юм. Улсын төсвийн 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж буй уг барилгын ажлыг “Цомбон тоосго” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх 12-р сарын 31-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан эрүүл мэндийн чиглэлээр хийж буй томоохон хөрөнгө оруулалтын ажлуудын нэг ийнхүү ажил хэрэг болж эхлээд байна.

Холбоотой мэдээ