Какүрюү М.Ананд, Точиношин нар унаснаар башёг улам өрсөлдөөнтэй болгов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-05-19 17:57:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болж буй Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацү башё буюу Рэйва /Японы шинэ он тоолол/ эриний анхны башёгийн 8 дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Тамаваши Б.Мөнх-Оргилд унаснаар 7 даваа, нэг унаатай болов.


Энэ барилдааны өмнө Озэки цолоо эргүүлэн авахын төлөө барилдаж байгаа Точиношин, Эндод ойчиж бас нэг унаа, 7 даваатай болсноор Нацү  башёг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгоод байна. Их аварга Какүрюүг хаясан Тамаваши Б.Мөнх-Оргил Кинбоши /Алтан од/ шагнал авахаар болж байна.


Озэки Такаясүгийн хувьд Окиноүмиг давж 5 даваатай болсон бол Озэки Гойэдо, Митакүэмиг давж хоёул адил 5 даваа, 3 унаатай боллоо. Минато дэвжээний Сэкиваке Ичиножёо А.Ичинноров баруун өвдөгний гэмтлийн улмаас өнөөдрөөс тэмцээнийг орхилоо. Тэрбээр хаврын /3-р сарын/ тэмцээнд 14 давж, Сэкивакэ цолоо эргүүлэн авсан ч энэ барилдааны гурав дахь өдрөөс гэмтсэн баруун өвдгөө боон, дохёнд гарсан ч барилдах аргагүй болж, эмчилгээ хийлгэхээр болов. Тэр энэ башёд хоёр давж, тав унаад байв. Ичиножёогийн хувьд 2016 оны Намрын тэмцээнийг оруулаад хоёр дахь удаагаа тэмцээн өнжиж байгаа юм. Минато ояката “Тэмцээний өмнө гэмтсэн байсан. Хэрэв эмч нар зөвшөөрвөл Зуны тэмцээний голоос барилдах болно” гэж сэтгүүлчдэд хэлжээ.


Мөн Бразилийн Кайсэй баруун тохойн гэмтлээр тэмцээнээс гарлаа. Харин шинэ Озэки Такакейшёо хоёр хоног өнжөөд өнөөдрөөс дахин барилдсан ч Айояамад уналаа.

Холбоотой мэдээ