Малчдад өвс, тэжээлийг хүргэсээр байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-05-20 10:45:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн зарим сумдад цас их орсны улмаас малчид малаа бэлчээх боломжгүй хүндрэл үүссэн учраас шаардлагатай байгаа өвс тэжээлийг аймгийн нөөцөөс яаралтай хүргэх ажлыг зохион байгуулж байна. Аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд амралтын өдрүүдэд аймгийн өвсний фондоор орж сумдад өвс тэжээл тараагдаж байгаа байдалтай танилцав. Энэ үеэр тус аймгийн Баянзүрх сум руу 2 тэвш, Алаг-Эрдэнэ сум руу 2 тэвш, Чандмань-Өндөр сум руу 1 тэвш, Түнэл, Арбулаг, Мөрөн сумын малчдад өвс хүргэхээр ачиж байлаа.

Мөн Улаан-Уул сумын сум дундын фондод байгаа 1900 ширхэг боодол өвсийг тухайн орон нутгийн малчдад хүргэх ажлыг хийж байгаа гэнэ. Тус аймаг өнгөрсөн онд Засгийн газрын 2018 оны 218 тогтоолын дагуу аймгийн нөөцөд 300 тн өвс, 100 тн өвс тэжээл бэлтгэхээс 341 тонн өвс, 119,7 тонн тэжээл бэлтгэн даалгаврыг давуулан биелүүлж улсдаа тэргүүлсэн байна. “Өнгөрсөн жил хангалттай өвс, тэжээл нөөцөлсөн учраас эрсдэл багатай энэ удаагийн их цасыг давж байна” гэдгийг аймгийн Онцгой комиссын  дарга Л.Ганболд онцолж байлаа.



Холбоотой мэдээ