Хүүхэд бүр өмнөө зорилго тавин өөрөө хичээж чадвал амжилтад хүрнэ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-05-20 13:45:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан орон нутагт ажиллах үеэр Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж ярилцлаа.
Тэрээр, өнөөдөр сурагчид мэдээллийн асар өргөн орчин, өөрийгөө хөгжүүлэх боломж, боловсролын зээлийн санд хамрагдах нөхцөл нь нээлттэй байна. Хүүхэд бүр өмнөө зорилго тавин өөрөө хичээж чадвал амжилтад хүрнэ гэдгийг зөвлөж байлаа.
Хүүхдүүд бүгд их, дээд сургуульд суралцах хүсэл зорилготой. Гэвч хүссэн мэргэжлийн хуваарь цөөн ирдэг, сургалтын төлбөрийн тухайд эмээ, өвөө, аав, ээж нь цалин тэтгэврийн зээлийн дарамтад ордог учраас зарим хүүхэд мэргэжлээ сонгоогүй байдаг.
Оюутны зээлийн санг байгуулаад ажиллаж байгаа. Гол нь оюутан өөрөө 2,8 голч дүнтэй суралцахад сургалтын зээлээ төгсөн төгстлөө үргэлжлүүлэх боломжтой учраас аав, ээж, эмээ өвөөгөө банкны зээлийн дарамтад оруулахгүй сайхан боломж байгаа учраас хичээн суралцах хэрэгтэйг захиж байв.

Мөн хүүхэд бүрийн өмнө тулгардаг асуудлуудад хариулт өгөх зорилгоор “Оюунлаг дүү нартаа хүргэх зөвлөгөө” нэртэй номыг эмхтгэн энэ жил 8 дахь жилдээ сурагчдад хүргүүлж байгаа гээд уулзалтад ирсэн хүүхдүүдэд номын дээжээс гардуулан өгч амжилт хүсч байлаа.


 

 

Холбоотой мэдээ