Төрийн албан хаагчид багийн менежментийн талаарх мэдлэгээ дээшлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-20 15:13:47

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-т “Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх” сургалт болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ энэ сарын 16-17-ны өдөр болжээ. Сургалтыг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөр, Орон нутгийн цогц хөгжил-Түншлэл (ICDP) төсөл, Баянхонгор аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулжээ.

Энэ үеэр МУИС-ийн Нийтийн удирдлагын танхимын эрхлэгч, Орон нутгийн цогц хөгжил-Түншлэл (ICDP) төслийн захирал Проф.Др.Н.Бурмаа, МУИС-ийн Номын сангийн захирал Проф.Др.Г.Цэрэн, МУИС-ийн Хяналт мониторингийн албаны  мэргэжилтэн магистр М.Нармандах, Хараат бус шинжээч, зөвлөх Г.Зоригоо нар тус аймагт ажилласан байна.

Ажлын хэсэг “Ажилдаа хандах хандлага, багийн менежмент” сэдвээр 100 гаруй төрийн албан хаагчид танхимын сургалт хийж, аймгийн ИТХ-ын дэргэдэх “Тогтвортой хөгжил-Түншлэл зөвлөл”-д зөвлөн туслах үйлчилгээг, захиргааны акт боловсруулахад анхаарах асуудлууд сэдвээр хийжээ.

Мөн удирдах болон хүний нөөцийн асуудал эрхэлсэн албан хаагчдад ганцаарчилсан хуулийн зөвлөгөөг, аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаанд ISO 9001:2015 олон улсын стандарт хэрэгжүүлэх ажлын явц үр дүнг сайжруулах, аймгийн ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагаанд ISO 9001:2015 олон улсын стандарт нэвтрүүлэхэд анхаарах асуудлын талаар тус тус зөвлөн туслах үйлчилгээг өгсөн байна.

Холбоотой мэдээ