Гадаад сурталчилгаа ба орчуулгын асуудлыг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-20 18:12:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-нд “Гадаад сурталчилгаа ба орчуулгын асуудлууд” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийг ГХЯ, МЗЭ хамтран зохион байгуулж, орчуулагчдын санал бодлыг нээлттэй сонсож байгаа юм.

ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг "Гадаадын улс орнуудын хувьд "зөөлөн хүчний бодлого" гэгчээр дамжуулан соёл, хэл, урлагаа сурталчлах болсон. Тиймд орчуулгын асуудлыг анхаарч, мэргэжлийн өндөр түвшинд гаргах чухал байна. Үндэсний хэлээ сайн сурсан нь гадаад хэлийг сайн эзэмшдэг. Гадаад сурталчилгааны гол зорилт бол Монгол Улсын түүх, соёлын өв, эдийн засаг, нийгмийн ололт амжилтыг дэлхий нийтэд сурталчлан таниулах юм. Ард иргэдээ соён гэгээрүүлэх чухал хэрэгсэл нь орчуулга юм. Өнөөдрийн хэлэлцүүлгийг энэ асуудлуудад хандуулж байна" гэлээ.



МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, МУСГЗ До.Цэнджав "Монголын орчуулах эрдэм эртний эх сурвалжтай. 750 жилийн өмнөөс л орчуулгад ихэд анхаарч байжээ. Тэрчлэн 300 гаруй жилийн өмнө "Мэргэд гарахын орон" гэж орчуулах онолын бүтээлд "хэцүү үгийг заавал асууж, ичихгүйгээр лавлаж байх, үгийг сайтар сонгох, далд утгыг ил болгохгүй байх, толгой холбохыг анхааравч, илүү үг их байдгийг анхаарах, хүний бичсэнийг өөрчилж болохгүй" гэх зэргээр сургасан байна. Орчуулгын асуудлыг төрөөс орхигдуулж ирсэн. Орчуулагчид маань бор зүрхээрээ  л, хувиараа л бүтээлээ туурвиж сууна" гэв.

МУИС-ийн Орчуулга зүйн профессорын багийн ахлагч Ш.Эгшиг "Мэргэжлийн орчуулгын чанар, стандартын асуудал" илтгэлдээ, "Монгол улсад мэргэжлийн орчуулагчийг 1958 онд орос хэлээр, 1960 онд англи хэлээр, 1962 онд манж, төвөд хэлээр, 1963 онд англи хэлээр, 1978 онд япон хэлээр тус тус бэлтгэж эхэлсэн. Дэлхий дахинд орчуулгын үйлчилгээний үйлдвэрлэл нэн хурдтай хөгжиж байна. Энэ том зах зээлд 52 тэрбум долларын орчуулгын үйлдвэрлэл эргэлдэж байна. ISO 17100 стандартыг дэлхий нийт хэрэглэх саналыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ стандартын эхний заалт нь "Нэр томьёоны сан бэлтгэх, бүрдүүлэх" гэж байх жишээтэй. Манай эртний "Мэргэд гарахын орон" бүтээлд ч энэхүү нэр томьёоны санг бүрдүүлэхийг онцолсон байдаг" гээд орчуулгын чанар бол стандарт гэдгийг цохон тэмдэглэв.

ГХЯ-ны Хөрш орнуудын газрын зөвлөх, орчуулагч, зохиолч, МУСГЗ Д.Ганбаатар "Орчуулгын төрийн бодлого буюу "зөөлөн хүчний бодлогоор" дэлхий нийт эрчимтэй ажил явуулсаар байна. ТВ-ийн олон ангит кино гэхэд л үүний тод жишээ. 1000 гаруй жилийн түүхтэй Монголын орчуулга бол их туршлагатай. Харин ч сүүлийн 30 жилд манай улсын орчуулга улам их идэвхжлээ. Ганц нэгхэн хэлнээс бус олон хэлнээс орчуулах боллоо. Одоогоор орос, хятад, англи, франц, герман, япон, солонгос  хэлнээс нь шууд орчуулж байна. Энэ бол сайн тал. Харин Монголоосоо гадаад руу гаргах нь хоцорч эхэллээ. Манай орчуулагчид сайн дураараа, хувиараа орчуулгаа гаргаж байна. БНХАУ улс руу албажсан байдлаар нэлээд гаргаж байгаа. Гэтэл Герман руу ганцхан л хүн орчуулга хийж байна. Зохиолч Чинагийн Галсан өөрийнхөө зохиолыг герман хэл дээр бичиж байгаа. Япон руу ганцхан Аяако гаргаж байна. Англи руу Шмидт гэж залуу гаргаж байна. Иймээс гадаад руу монгол бүтээлийг гаргаж байгаа цөөхөн хүнээ дэмжмээр байна. Орчуулгын үнэлгээ нэн доогуур байна. БНХАУ-д тал юм уу нэг нүүр орчуулгыг монгол мөнгөөр 80-100,000 төгрөгөөр үнэлдэг" хэмээн орчуулгын үнэлгээний асуудал хөндөв.

Орчуулагч Н.Гэндэндарам "Энэтхэгт орчуулгын бүтээлийг төрөөс дэмждэг. Энэтхэг хэлнээс гадаад руу орчуулахад ном хэвлэх мөнгийг гаргаж өгдөг. Орчуулагчийг тусгайлан дэмждэг. Манайд ийм байгууллага байгуулмаар байна. Тэгж байж орчуулгыг чанартай, бодлоготой болгож болно", МЗЭ-ийн Орчуулгын төвийн тэргүүн, орчуулагч, яруу найрагч Д.Мөнхтөр "МУИС-д орчуулагчийн анги нээж, мэргэжлийн орчуулагч бэлтгэе", Ардын багш С.Дулам "Гадаад хэлний болон монгол хэлний толь бичгүүдээ шинэчлэн баяжуулж гаргая", МУСГЗ орчуулагч Г.Аким "Орчуулгын хурал, хэлэлцүүлгээс илүү монголч эрдэмтэд, оюутнуудын эрдэм судалгааны сургалтыг дэлгэрүүлье. Гадаадынхан шиг орчуулгын бүтээл, орчуулагчдыг шагнаж урамшуулж, амьдралын баталгаатай болгоё" гэсэн саналуудыг хэллээ.

ГХЯ-ны газрын дарга Х.Мандахцэцэг дээрх саналыг хүлээн авч яам төрийн бодлогодоо тусган, ажил хэрэг болгоход анхаарна гэдгийг хэлэв.

Холбоотой мэдээ