Нийгмийн дундаж давхаргад чиглэсэн хөгжлийн цогц бодлого боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-20 18:19:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс сүүлийн 1992 оноос хойш урт болон дунд хугацааны 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичиг баталсан. Эдгээр нь үр дүнд хүрэхгүй байгааг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр болсон Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын багийн хурдлын үеэр онцлов.


Тэрбээр, Монгол улсын цаашдын хөгжлийн бодлогыг урт болон дунд хугацаанд хэрхэн төлөвлөх, удирдан чиглүүлэх талаар ажлын багийн гишүүдэд танилцуулахдаа дээрх тоон баримтыг дурдсан юм. Эдгээр бодлогын баримт бичиг үр дүнд хүрэхгүй байгаагийн гол шалтгаан нь харилцан уялддаггүйтэй холбоотой гэдгийг мөн хэллээ. Тиймээс улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон, Техник, эдийн засгийн үндэслэлд суурилсан томоохон төслүүддээ тулгуурласан, улстөрийн намууд болон иргэдийн дэмжлэгийг авсан бодлого тодорхойлох ёстой гэдгийг  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цохон тэмдэглэв.


Ажлын баг Монгол Улсын цаашдын хөгжлийн үндсийг “Сайн төр, Монгол хүн, Монголын баялаг” хэмээн тодорхойлж, “Нэгдмэл зорилготой Монгол Улс” гэсэн үзэл баримтлалд тулгуурлан боловсруулах аж. Ингэхдээ үндэсний, салбарын, бүс нутгийн, аймаг орон нутгийн хөгжлийн бодлогын уялдааг хангах, давхардал, хийдлийг арилгах, гадаад, дотоод орчны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж бодлогодоо тусгах, нийгмийн дундаж давхаргад чиглэсэн тодорхой, цогц бодлогыг цаг алдалгүй боловсруулах юм. Хөгжлийн бодлогыг боловсруулахдаа төлөөллийн зарчмаар нийслэл, хөдөө орон нутгийн иргэдийн саналыг авахаар ажлын багийн гишүүд тохирч, “Үндэсний үнэт зүйл”, “Хүн ба нийгэм”, “Эдийн засаг”, “Байгаль орчин”, “Үндэсний аюулгүй байдал”, “Засаглал” гэсэн 6 дэд ажлын багийг байгуулахаар болов. Энхүү хөгжлийн бодлогыг энэ оны 11 дүгээр сард Засгийн газарт танилцуулахаар төлөвлөжээ.


Ажлын багийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд гишүүнээр нь13 яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагуудын дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, ТББ-ын төлөөлөл ажиллах юм.

Холбоотой мэдээ