Т.Баярмаа: Багш хэдий зүтгэж заалаа ч хүүхэд, эцэг эх ойшоохгүй бол яагаад ч урагш хандахгүй

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-05-22 00:01:09

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын “Алтан гадас” одонт ЕБ-ын 1 дүгээр сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш, Боловсрол судлалын магистр, Монгол Улсын Тэргүүлэх, Боловсролын тэргүүний ажилтан Т.Баярмаатай уулзаж, багш, сурагчдыг тойрсон асуудлаар товч хөөрөлдлөө.


- Таны хувьд хэдэн жил багшилж байна вэ? Хүүхэд сургах арга барилаасаа хуваалцахгүй юу?

- Би боловсролын байгууллагад 32 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс 4 жил л ахлах анги хариуцсан сургалтын менежер хийсэн гээд бодохоор 28 жилд нь дан багшилжээ.

- Сүүлийн үед хүүхдүүдийг сургаж, хүмүүжүүлэх маш хэцүү болсон гэж ярьдаг боллоо. Багш нар ч их халширдаг болж. Та үүнтэй санал нийлэх үү?

Хүүхэдтэй ажиллах гэдэг миний хувьд хамгийн дуртай ажил. Ангигүй, хүүхэдгүй байна гэхээр төсөөлөгдөхгүй л дээ. Хүүхдүүд чинь их хөөрхөн шүү дээ. Загнаж байсан ч юу ч бодохгүй, багшаа гээд л гүйж явдаг, их цагаахан, хиргүй тунгалаг ариухан сэтгэлтэй хүмүүс шүү. Би хүүхдүүдээ хоцрогдолгүй сайн сургахыг л хичээдэг. Гол нь онолын мэдлэгээ сайн өгчихвөл хүүхэд өөрөө аяндаа бөмбөрнөө л гэсэн үг. Арга эвийг нь олбол сурахгүй хүүхэд гэж ховор. Аливаа юмыг маш сайн тулгуур үндэстэй заах нь чухал. Эхнээс нь мэдлэгээ сайн өгвөл дадлагад алдаа бага гарна. Одоо чинь дадлага их болчихоод онол нь багадаад заах цаг нь багасаад, ер нь тиймэрхүү л байна даа.

- Таны арга барилаас сонирхвол...?

Би хүүхдүүддээ аман үнэлгээг их өгдөг. “Сайн, их сайн, мундаг, сүрхий л юм байна шүү дээ, овоо доо, ахиад нэг гялалзуулчих” гээд л хэлээд яваад байвал хүүхдүүд чинь онгирчихно шүү дээ. Одооны хүүхдүүд инээгээд ярилцаад л байвал их дуртай. Их юмаар шахаж болохгүй. Гэхдээ хийх ёстой зүйлийг заавал хийлгэж дүгнэж урамшуулах хэрэгтэй.

- Хүүхдийг сургаж хүмүүжүүлэхэд эцэг, эхийн оролцоо бага болсон юм шиг санагддаг?

 -Тийм ээ, үнэн. Эцэг, эхчүүд нь өөрсдөө анхаарал сул байхаас гадна бүх юмаар хангаж өгөөд л сургачихна гэж боддог шиг байгаа юм. Хуучны хүүхдүүдтэй эн зэрэгцэхээ байсан үе шүү. Мэдээллийн суваг олширсон болохоор тэр зүйлдээ л илүү цаг гаргаж, санаа тавина. Гэхдээ сурах гол дэгээг нь олчихвол муу байсан ч зүтгээд л байдаг юм. Эцэг эхчүүдийг л илүү татан оролцуулах шаардлагатай. Багш хэдий зүтгэж заалаа ч хүүхэд, эцэг эх ойшоохгүй бол яагаад ч урагш хандахгүй. Уралдааны морь хэдий хурдаллаа ч ташуурдахгүй бол хоцорно. Тиймээс гэрт нь л илүү ихийг хийлгэх хэрэгтэй. Нэгэнт хоцорсон хүүхэд нөхөж авах үйл хийхгүй бол хэцүү.

- Та хэчнээн шавьтай вэ? Нэр алдарт хүрсэн шавь бий юу?

- Би олон шавьтай. Гэхдээ нарийн тоо гаргаагүй юм байна. Багцаагаар таван анги төгсгөсөн гэхээр 200-гаад шавь, түүний дээр жилд 150 орчим хүүхдэд хичээл заана дэндүү олон болж байгаа биз. Манай хүүхдүүдээс бараг 100 гаруй нь багш болсон байдаг.

Бүгд л сайн ажиллаж, хөдөлмөрлөж, дор дороо зохих хэмжээний шагнал байртай яваа. Алдарт хүрсэн гэхээр Ё.Мөнхбат гэж миний 3 дахь ангийн хүүхэд бий. МУИС төгссөн, судлаач мэргэжилтэй. Хүрээлэнд эх бичгийн судлаач. Үндэсний бичгээрээ нэлээд дээгүүрт орж яваа. Докторын бүтээл хийж байгаа гэдэг. За, тэгээд нэрлэвэл улс, аймаг орныхоо ачааг үүрэлцээд, хувь нэмрээ оруулаад явж байгаа олон шавь бий.

-Сурагчдыг ЭЕШ-д богино хугацаанд чанартай бэлтгэдэг хэмээн таныг боловсролын салбарт үнэлдэг. Энэ тухайд...?

- ЭЕШ-аар миний хүүхдүүд ямар ч тохиолдолд бүгдээрээ биш гэхэд ихэнхдээ л дээгүүр жагсаж ордог уламжлал бий. Миний ажлын гол үр дүн бол хэлнийхээ бүхий л салбар ухааны онолын мэдлэгийг сайтар эзэмшүүлэхийг зорьдог. Мэдлэгтэй хүн л чанартай юм бүтээж чадна. Цаг алдахгүй, орхиод явчихгүй, мэдсэн хүн улам л ахидаг. Онолын мэдлэгийг багцалж заадаг. Тэгвэл дадлага хийх олон цаг гарна. Тэр цагууд дээрээ л гарт нь, толгойд нь ортол хийнэ дээ. Сүүлдээ дадлагажаад ирэхээрээ цээжээр ажиллуулаад сургачихна. Энэ л миний гол цөм дөө.

- Залуу багш нарын ур чадварын талаар та ямар бодолтой явдаг вэ?

- Дадлага хийж байгаа ч тэр, шинээр ирж байгаа ч тэр хэцүүхэн үе байсаан байсан. Одоо харьцангуй  дээр болсон шүү. Ер нь өөрийн хичээл зүтгэлээс их юм хамаарна. “Мэдэхгүй, чадахгүй” гээд байвал хэзээ ч ахихгүй. Бахь байдагтаа л байна. Зав гаргаж, номтойгоо л сайн нөхөрлөх хэрэгтэй. Ном бол чиний үнэнч туслагч. Ахмад ч бай, залуу ч бай чадаж байгаа хүнээс л суралц. Чадахгүй явсаар тэтгэвэрт гарна гэдэг аймшигтай л юм шүү. Арга зүйгээ сайжруулахад хүний овсгоо, цаг хоёр чухал. Хүнээс ичихгүйгээр л асууж суралц. Чадахгүй байж их зан гаргах нь утгагүй л асуудал. Одоо чинь ахмадаасаа суралцах, ахмадаа хүндэтгэх талаар ч мөн дорой болсон шүү.

- Залуучуудын дунд зөв бичгийн дүрэм мэддэг хүн хуруу дарам цөөн боллоо. Үндэсний хэл, бичгээ хэрхэн аварч үлдэх вэ?

- Харин тийм. Мэргэжлийн гэх биднээс бусад нь бүгд алдаатай бичнэ. Харамсалтай. Аргагүй ээ бага ангид нь зөв бичгийн дүрэм бараг орохгүй гэж хэлж болохоор байгаа. Бидний үед, дүрмээр л амьсгалж байлаа. Бүх хүүхэд зөв бичиж сурч байлаа. Одоо ном нь хүртэл дүрэмгүй гэж хэлж болохоор. Хөтөлбөр стандарт, сурах бичигт өөрчлөлт хийж дүрмээ голлохгүй бол гог хэлтэн, бичигтнүүд их гарна. Ийм учраас бага ангийн сургалтад зөв бичгийн дүрмийг ёсчлон оруулж өгвөл эргээд хуучиндаа оролгүй яахав. Дүрмийг 1-р ангиас нь л эхлэх хэрэгтэй.

Програмд өөрчлөлт оруулах, онолыг зохих хэмжээнд тусгах, хичээлийн цагийг нэмэгдүүлэх, анги дүүргэлтийг багасгах шаардлагатай. Багшийн нэр хүндийг хамгаалдаг, эцэг эхчүүдийг татан оролцуулдаг байх нь чухал. Дээр нь хэлэхэд багшийн цалин сайн байх ёстой. Тэгвэл сайн сурагч элсэн суралцана. Суурь сайн байвал үр дүн нь сайн гарна.

-      -Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

Холбоотой мэдээ