Швейцарын Хөгжлийн агентлагийн захирал, ерөнхий консул Габриелла Спирли Ховд аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-22 11:53:32

Ховд /МОНЦАМЭ/. Швейцарын Хөгжлийн агентлагийн захирал, Ерөнхий консул Габриелла Спирли тавдугаар сарын 21,22-нд Ховд аймагт ажиллаж байна.

Түүнийг аймгийн удирдах ажилтнууд хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Ховд аймгийн  нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулж, Монгол, Швейцарь Улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус аймагт хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар санал солилцов. 

Одоогийн байдлаар Швейцарын хөгжлийн агентлагаас Ховд аймагт Бэлчээрийн менежмент, Малын эрүүл мэнд, Ногоон алт төсөл, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах төсөл, Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл буюу MASAM төсөл зэргийг амжилттай  хэрэгжүүлж байна.

Уулзалтын  хүрээнд аймгийн удирдлагууд 2 улс хоорондын  хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх зорилгоор хэд хэдэн санал хүсэлт уламжилсан юм.

Тодруулбал, Ногоон алт төслийн хүрээнд байгалийн хадланг ашиглан Буянт, Булган, Мянгад суманд “Хадлангийн механикжсан салаа байгуулах төсөл”, аймгийн ГХБХБГ-ын “Газрын мэдээллийн нэгдсэн сан”-тай болох төслийг дэмжин ажиллах, мал аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх тогтолцооны нэгдсэн сүлжээг бий болгох, цөлжилтийг бууруулах үүднээс Ховд, Буянт суманд услалтын систем байгуулах зэрэг ажлыг үргэлжлүүлэн хийж хэрэгжүүлэх санал тавив.

Харин Швейцарын Хөгжлийн агентлагийн захирал, Ерөнхий консул Габриелла Спирли дээрх саналыг төслийн багийнхандаа танилцуулж, ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гэж онцлон хэллээ. Тэрбээр Ногоон алт төслийн хүрээнд Ховд аймгийн Дөргөн, Чандмань суманд ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж. 

Холбоотой мэдээ