Он гарсаар эрүүдэн шүүсэн асуудлаар 35 гомдол иржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын ажилтай танилцлаа. Он гарсаар эрүүдэн шүүлттэй холбоотой 35 гомдол ирсэн тухай ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг танилцуулав.
Тэрээр, Эрүүдэн шүүлттэй холбоотой гомдлыг шийдвэрлэдэг практик манай улсад байхгүй гэхэд хилсдэхгүй. Учир нь нотлох баримтгүй гэдэг үндэслэлээр хаагддаг байна. ХЭҮК-оос ирсэн гомдол бүр дээр ажиллаж, харьяаллын дагуу шаардлагуудаа хүргүүлдэг ч ёс төдий хариу ирдгийг хэлж байлаа. Тиймээс ХЭҮК-ын тухай хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгааг дурдлаа. Мөн тэрбээр, “Хүний эрх, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг бууруулахад шат шатандаа анхаарах цаг болсныг хүний эрх хамгаалагчид сануулсаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, малчин эмэгтэйчүүд, бага насны хүүхдийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг асуудлыг бодлогын түвшинд шийдэж, шинэчлэх хэрэгтэй” гэв.
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Тус комисс 25 ажилтантай бөгөөд тэдний нийгмийн асуудал орхигдож, туршлага дадлагатай болсон ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл тааруу байгааг учирласан. Эрүүдэн шүүхийн асуудлыг тус комиссоос жил бүрийн илтгэлдээ тусгадаг ч төдийлөн анхаарч үздэггүй, энэ талаарх ХЭҮК-ын эрх мэдэл хангалтгүй байгааг онцоллоо. Иймд олон улсын жишгийн дагуу Хүний эрх хамгаалагчдыг хамгаалах тухай хуультай болж, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал байгааг ч хэлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар, “Хүний эрхийн асуудал нээлттэй, ил тод байх тусам урьдчилан сэргийлэх нэг арга болно. Манай улсад хүний эрхийг хамгаалах хууль, бодлогын баримт бичиг цөөдөөгүй. Харин хэрэгжилт ямар байна вэ гэдэг бол анхаарал татсан асуудал мөн. Хүний эрх гэдэг бол ардчиллын амин сүнс. Өнөөдөр хэн нэгнийг эрүүдэн шүүж, хэлмэгдүүлж байгаа бол маргааш магадгүй өөрийг чинь ч хохироож магадгүй учраас хүний эрхийг хамгаалах нь бидний үүрэг юм. Нэг талаас хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байна. Нөгөө талаас Хүний эрхийн үндэсний комисс гомдол шаардлагыг холбогдох байгууллагад шилжүүлээд л орхидог гэсэн шүүмжлэл байдаг. Энэ шүүмжлэл С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудал дээр тод харагдлаа. Ниргэсэн хойно нь хашгирах биш, урьдчилан сэргийлж, гарсан зөрчлийг тэр даруйд нь ил тод, шуурхай мэдээлж, шийдвэрлэдэг болохын тулд УИХ-аас бүхий л талаар дэмжиж ажиллана. ХЭҮК-ын үйл ажиллагаанд шинэчлэл хэрэгтэй байна. Энэ шинэчлэлийг хууль, эрх зүйн хувьд ч, байгууллагын бүтэц, удирдлагын хүрээнд ч хийх шаардлагатай” гэлээ.