Олборлосон жонш, ашигласан техникийг улсын орлого болгохоор акт тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-28 21:34:07

Хууль бусаар жонш олборлосон иргэнд торгууль ногдуулж, ашигласан техникийг нь улсын орлого болгох акт тогтоосон талаар аймгийн Мэргэжлийн  хяналтын газраас мэдээллээ.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар Хулд сумын нутаг Түймэрт цагааны жоншны бичил уурхайн газрыг тусгай хэрэгцээт газрын жагсаалтаас хассан  тул энд олборлолт явуулах боломжгүй болсон юм. Нэгдүгээр сард аймгийн Мэргэжлийн хяналтын газар хяналт хийж уурхайн үйл ажиллагааг зогсоон экскаваторыг нь лацадсан бөгөөд экскаваторыг ажиллуулан олборлолт хийвэл хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авахаар болсон.

Харин үйл ажиллагааг зогсоосон эл уурхайгаас хулгайгаар жонш олборлож байна гэсэн иргэний мэдээлэл Мэргэжлийн хяналтын газарт ирж, энэ дагуу шалгалт хийхэд нэг иргэн 120 орчим тонн жонш олборлосон нь илэрсэн байна.

Жонш олборлосон иргэнд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 5 сая 760 мянган төгрөгийн торгууль ногдуулж, олборлосон жонш, ашигласан экскаваторыг улсын орлого болгох акт тогтоосон бөгөөд аймгийн Засгийн даргын дэргэд ажилладаг захиргааны журмаар эд зүйлсийг устгах, үнэ тогтоон худалдан борлуулах комисст хүлээлгэн өгчээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ