Мянган угалзатын нуруунд туруутан амьтдын нөөцийн үнэлгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-23 16:17:55

Ховд /МОНЦАМЭ/. “Мянган угалз” судалгааны төвийг түшиглэсэн судалгааны ажил эхэллээ.  

Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газар /МУНБЦГ/-ын орчмын бүсэд “Уулын туруутны тоо толгойн хэлбэлзлийг тогтоох нөөцийн үнэлгээ”-ний судалгаа хийж  байна.

МУНБЦГ, түүний орчмын бүсэд нутаглаж байгаа уулын туруутан амьтдын тоо толгойн хэлбэлзэл, нөхөн үржихүйн мэдээ, амьдрах орчин, улирлын байдлыг тодорхойлоход энэхүү судалгааны зорилго чиглэж байгаа юм.

Тус ажилд МУНБЦГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, “Алтай нүүдэлчид” ТББ, Цэцэг, Мөст сумын идэвхтэн байгаль хамгаалагчид, нутгийн иргэд хамтран оролцож байна. Тэд хос ажиглалтын арга хэмээх судалгааны аргыг анх удаа нэвтрүүлэн ажиллаж байгаагаараа онцлогтой.

Энэ судалгааг хийхдээ,  МУНБЦГ-ын орчмын бүсийг  5 хэсэг болгон  хуваажээ. Үүнд,

Нэгдүгээр хэсэг  Цэцэг сумын нутаг, 1328 км кв талбай буюу Нүцгэнээс-Овоотын ам хүртэлх газар

Хоёрдугаар хэсэг  75.7 км кв талбай буюу өндөр уулын бус нутаг

Гуравдугаар хэсэг 683.9 км кв буюу Дайрагтын нуруунаас–Их бэлчир  хүртэл

Дөрөвдүгээр хэсэг  Мөст сумын нутаг918 км кв талбай буюу Гахайн нуруунаас-Бөөрөг балагтай  хүртэлх газар 

Тавдугаар хэсэг 384.9 км кв буюу Салхит халзан орчим гэж хуваасан байна. 

Улмаар дээрх хэсэг тус бүрт 4-5 маршрут гаргажээ. Тус маршрутын дагуу 5 багийн 10 судлаач ажиллаж, тухайн газар нутаг дахь янгир, аргаль хонины тархалт, нөөцийн үнэлгээний судалгааг хэсэг тус бүрт 2 өдрийн хугацаанд гүйцэтгэх зарчмаар ажиллаж байна.  

Судалгааны эхний өдрийн байдлаар нэгдүгээр хэсгийн 720 км кв газар нутагт 4 маршрутаар ажилласан бөгөөд тус газар  256 янгир, 162 аргаль хонь  байгааг тэмдэглэжээ.  Үүнээс янгирын төллөлтийн байдал 41-56 хувь ба аргаль хонины 61.4 хувь нь төлтэйгөө явж байна гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ. Судалгааны эцэст хэсэг тус бүрийн тоон мэдээлэлд үндэслэн янгир, аргаль хонины нөөцийн үнэлгээний нэгдсэн дүнг тусгай програм ашиглаж гаргана гэж холбогдох мэргэжилтнүүд хэллээ.

Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын орчмын бүсэд нутаглаж байгаа уулын туруутан амьтны тоо толгойн хэлбэлзлийг тогтоох нөөцийн үнэлгээ хийх ажил үргэлжилж  байна.

Өнгөрсөн оны аравдугаар сарын судалгаагаар МУНБЦГ-т  аргаль хонины 1156 нөөцтэй гэсэн дүн гарч байжээ.







Холбоотой мэдээ