Хүүхдүүдэд “Терроризм ба хар тамхи” сэдвээр сургалт зохион байгуулж, нөлөөллийн ажил хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-05-23 16:32:27

Завхан /МОНЦАМЭ/. Завхан дахь Терроризмтой тэмцэх үйл ажиллагааг зохицуулах салбар зөвлөлөөс ерөнхий боловсролын таван сургуулийн 150 гаруй сурагчид зориулж “Терроризм ба хар тамхи” сэдвээр сургалт зохион байгуулж нөлөөллийн ажил хийжээ.

Сургалт, нөлөөллийн ажлын үеэр Монгол Улс нь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгож, хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа тунхаглан хамгаалж байдаг тухай сурагчдын нийгмийн хичээлээр авсан ерөнхий мэдлэгийг бэхжүүлж, терроризм, хар тамхи нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдалд хамгийн ноцтой аюул занал, хор хохирол учруулдаг болохыг дүрс бичлэг, жишээ баримтаар тайлбарлан ойлгуулжээ.

Түүнчлэн гадаад улс, өөр газар оронд зорчих, суралцах, ажиллаж амьдрахдаа тухайн улс, газар орныхоо хууль тогтоомж, зан заншлыг хүндэтгэн сахиж, биеэ зөв авч явах. Хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн /элчин сайдын яам, консулын газар/ газруудтай хэрхэн ямар замаар холбогдох, болзошгүй халдлагын үед аюулгүй байдлаа хэрхэн хангах талаарх зөвлөгөөг өгчээ.

Мөн терроризм, хар тамхитай холбоотой асуудлыг эрүүгийн хуульд хэрхэн заасан, ямар ял, шийтгэл оноодог талаар эрүүгийн хуулийн зүйл, заалтыг тайлбарлан таниулав. Ер нь сурагчдад терроризм, хар тамхины хор хөнөөлийн талаар ойлголт өгөх нь орон нутагт терроризм, хар тамхи үл нутагших, тэдгээрийг үл тэвчих үзлийг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм.

Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдэд энэ талаарх мэдлэг ойлголтыг өгөх нь шаардлагатай болоод байгаа. Цаашид энэ мэтчилэн сургалт, нөлөөллийн ажлыг бид жилд хоёр удаа явуулж байхаар болсон байгаа. Энэ удаагийн сургалт нөлөөллийн ажлыг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Прокурор, Цагдаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийн газартай хамтран зохион байгууллаа хэмээн Завхан дахь Терроризмтой тэмцэх үйл ажиллагааг зохицуулах салбар зөвлөлөөс мэдээлэв. 

Холбоотой мэдээ