Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг хугацаанаасаа өмнө тарахыг уриалав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-05-23 15:37:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдааны үдээс хойших хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэхдээ УИХ-ыг хугацаанаасаа өмнө тарахыг уриалав.


Тэрбээр, “Өнгөрсөн оны 10 дугаар сарын 29-нд УИХ өөрөө тарахыг миний бие санал болгосон. Тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд уг саналыг хүлээж аваагүй. Үүнээс хойш хагас жил орчим хугацаа өнгөрсөн ч УИХ-ын ажил дорвитой сайжирсангүй. Иймд УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул хугацаанаасаа өмнө тарахыг уриалж байна. УИХ байгуулагдсанаасаа хойш сонгогчдын итгэлийг хөсөрдүүлсэн, хууль зөрчсөн үйлдэл гаргаж ирсэн. ЖДҮХС-гаас жилийн гурван хувийн хүүтэй зээлийг төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд авч, жирийн иргэдийн боломжийг булаалаа. Төрийн өндөр албан тушаалыг үнэлэх замаар мөнгө босгох санал гаргаж байсан, УИХ-ын гишүүд хүчингийн хэрэгт нэр холбогдсон зэрэг олон асуудал гарсан. УИХ-ын баталсан Татварын багц хууль иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн эрхийг зөрчсөн олон заалт байсан. Өнөөгийн Монгол Улсад УИХ нь ард олныг сайн сайханд дагуулах чадваргүй байна. Тиймээс улс төрийн эр зориг гарган УИХ өөрөө тарах шийдвэр гаргахыг уриалж байна. Энэ нь Монгол төр өөрөө цэвэрлэгдэж чаддаг гэдгийг монголчуудад төдийгүй, олон улсад нотлон харуулах юм. Үүнийг ард олон дэмжих болно” гэлээ.

Холбоотой мэдээ