Улсын төсөв 2023 оноос ашигтай гарна хэмээн Засгийн газар тооцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-23 17:18:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Засгийн газар Монгол Улсын эдийн засаг 2020-2022 онд 6.3 хувиар өсөж, инфляцийн түвшин 8 хувьтай байна гэж тооцжээ. Мөн гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай байх бол 2020 онд төсвийн алдагдал ДНБ-ний эзлэх хувь хэмжээгээр 5.1 хувьтай байхаар тооцсон нь энэ оныхоос 0.3 хувиар сайжрах аж.


Засгийн газар 2021-2024 онд томоохон бондуудын өр төлж эхэлнэ. Энэ төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүй төлөх стратегийг боловсруулжээ. Уг эргэн төлөлттэй холбогдуулан төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс 2021 онд илүү сайжруулан, 2021 онд ДНБ-ий -2.8 хувь, 2022 онд -1.4 хувь, 2023 оноос эхлэн ашигтай байхаар тус тус төсөөлжээ. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах тогтвортой байдлыг хангах замаар макро эдийн засгийн жигд өсөлтийг дэмжих бодлого баримтлахаар тусгажээ.


Дунд хугацаанд төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх, төсвийн тэгш бус хуваарилалтыг бууруулж, ил тод, шударга, оновчтой байлгаж, үр ашгийг сайжруулах бодлогоо үргэлжлүүлэх юм.  Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.


Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Монгол Улс, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэзээ дуусахыг тодруулав.


Уг хөтөлбөр 2020 оны нэгдүгээр улиралд дуусна гэдгийг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлэв. Мөн уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагагүй хэмээн үзэж буйг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолсон юм.


Ийнхүү хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ