УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.mn
2019-05-24 10:49:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10. 43 цагт эхэллээ. Чуулганаар 12 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.


Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх бөгөөд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг багтжээ. Мөн хуралдаанаар Нотариатын тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай, Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай, Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулганаар Татварын багц хуулинд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.


Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Улс орны тулгамдсан асуудлыг ярих шаардлагатай гэсэн санал гаргав. Тэрбээр, "УИХ-ын дарга М.Энхболдыг огцорсноос хойш УИХ-ын ажил бүр "гөлийчихлөө" гэж иргэд ярьж байна. Нийгэмд үүсээд байгаа сүрьеэ өвчин, барааны үнийн хөөрөгдөл, зөрчлийн тухай хуулийн маргаан зэрэг асуудлыг хэлэлцэх шаардлагатай. Иргэдийн амьдралд бодит өөрчлөлт гарахгүй байна. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар улс төрийн манлайлал үзүүлж, УИХ-ын ажлыг сайжруулмаар байна" гэв.


УИХ-ын гишүүн О. Баасанхүү, чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайдыг байлцуулах горимын санал гаргав.

Тэрбээр, Ерөнхий сайдын хийж байгаа ажилтай танилцаж, хэлэлцэж буй чухал асуудалд байлцуулах шаадлагатай байна" гэлээ. Тэрээр чуулганы ирц хангалтгүй байгааг онцлоод, УИХ-ын даргыг ирц бүрдүүлэх асуудалд анхаарахыг хүсэв.


УИХ-ын дарга Г.Занданшатар, "Хууль тогтоох, цэгцлэх асуудлыг хэрэгжүүлэх нь зөвхөн УИХ-ын даргын ажил биш гэдгийг тодотгоод, сайн хууль гаргахын тулд гишүүд сахилга баттай, чуулганы хуралдаанд манлайлан оролцох хэрэгтэйг сануулав.


Үргэлжлүүлэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх ёстой ч Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хуралдаж байгаа тул чуулган түр завсарлав.

Холбоотой мэдээ