Ховд аймагт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар эх, хүүхдийн эндэгдэл нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ЭМГ-аас “Эх хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахад орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохион байгуулав.
Тус байгууллага энэ онд “Инээмсэглэл, эерэг хандлага - Эх хүүхэд бидний ирээдүй” уриа дэвшүүлсэн. Учир нь сүүлийн жилүүдэд баруун бүс нутаг, тэр дундаа Ховд аймагт эх, хүүхдийн эндэгдэл аймаг, улсын дунджаас харьцангуй өндөр үзүүлэлттэй байгаа юм. Иймд эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, хамгаалах, өвчлөл, эндэгдлийг бууруулах чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан орон нутгийн эрүүл мэндийн байгууллага болон салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж, үйлчлүүлэгчдэд ээлтэй эерэг хандлагыг бий болгох, улмаар эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ шатанд гаргах, өргөжүүлэх зорилгоор “Эх хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахад орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохион байгуулснаараа онцлог юм.
Тус зөвлөлдөх уулзалтад орон нутгийн эрүүл мэндийн салбар байгууллагуудын удирдлага, эх баригч, сургуулийн эмч болон 17 сумын Засаг дарга нар зэрэг 100 орчим хүн оролцов. Тэд эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр тусгасан бодлогын баримт бичиг, түүний хэрэгжилтийн явц, орон нутгийн эрүүл мэндийн салбар байгууллагуудын эх хүүхдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн өнөөгийн нөхцөл байдал, жирэмсний хяналт, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх арга зам, хүүхдийн эндэгдлийн шалтгаан, шийдвэрлэх гарц, боломж, хамтын ажиллагааны талаар нээлттэй ярилцлаа.
Ховд аймаг 17 сумын 97 багт 88186 хүн амтай. Эдгээр иргэдийн эрүүл мэнд, тэр дундаа эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн асуудал нь чухал байр суурь эзэлж байна. Учир нь Ховд аймагт өнгөрсөн 2018 оны байдлаар 100 мянган амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 127.4 хувь байгаа нь улс, аймгуудын дунджаас 4.7 дахин их, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 19.1 байгаа нь улсын дунджаас 4.1 промилоор дээгүүр үзүүлэлттэй байжээ. Мөн өнгөрсөн онд жирэмслэлт, төрөлттэй холбоотойгоор 3 эх, 1-5 хүртэлх насны 45 хүүхэд эндсэн байна.
Харин 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 13, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 15 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1 тохиолдлоор тус тус нэмэгдэж, амьгүй төрсөн хүүхэд 2, эмчийн хяналтгүйгээр гэртээ төрсөн эх 2 бүртгэсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Цаашид нарийн мэргэжлийн эмч нарыг чадваржуулах, харилцаа хандлага, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд үзүүлэх хөрөнгө оруулалт, багаж, тоног төхөөрөмжийг сайжруулах, эмч мэргэжилтэн болон иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын ажлын ачааллыг бууруулах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зэрэгт анхаарч ажиллахаар болов.