Тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-05-24 16:14:38

Архангай /МОНЦАМЭ/. "Дэлхийн зөн Монгол" ОУБ-ын Архангай-2 орон нутгийн хөгжлийн хөтөлбөр төслийн хаалт боллоо. Энэ үеэр аймгийн ЗДТГ, Дэлхийн зөн олон улсын байгууллага хоорондын тогтвортой байдлын гэрээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Дэлхийн зөн ОУБ-ын суурин төлөөлөгч Филип Эйвэрт нар гарын үсэг зурлаа.

Мөн "Дэлхийн Зөн" ОУБ-ын суурин төлөөлөгч Филип Эйвэртийг Архангай аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагнасан юм.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хэлсэн үгэндээ "ДЗМОУБ нь Монгол Улсад тогтвортой, далайцтай үйл ажиллагаагаа явуулж, Монголын ард иргэдэд танигдаж чадсан байгууллага юм. Танай байгууллагын хэрэгжүүлсэн "Эерэг хүмүүжлийн арга", "Хуримтлалын бүлэг", "Хүүхдээс хүүхдэд", "Бэлэн бай", "Оролцоод хөгжье" зэрэг олон улсад нэвтрэн туршигдсан, шилдэг арга аргачлалуудыг төрийн байгууллагууд сургалт үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилласаар байна.

"Дэлхийн зөн Монгол" ОУБ нь орон нутгийн нэн эмзэг нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг хөтөлбөртөө хамруулан, тэдгээр хүүхдүүдийн хөгжил оролцоог ханган ажиллаж чаддаг нь төрийн байгууллагын ажилтнуудад үлгэр жишээ болсоныг онцлон тэмдэглэж байна. Энэ бол монгол хүний хөгжилд оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм.

Архангай аймгийн ард иргэд "Дэлхийн зөн Монгол" ОУБ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллах чин хүсэлтэй байгааг миний бие уламжлахын ялдамд та бүхний эхлүүлж буй “Монгол хүн Монголчуудынхаа төлөө" уриалгыг дэмжиж байна" гэв.

Холбоотой мэдээ