Нөхөн сонгуулийн тов, зардлыг тогтоосон 22, 23 дугаар тогтоол хууль зөрчжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-27 18:15:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь үндсэн хууль зөрчөөгүй гэж үзжээ. Харин Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов, зардлыг тогтоосон УИХ-ын 22, 23 дугаар тогтоол хууль зөрчсөн гэж дүгнэв.


УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь ноднин зургаадугаар сарын 11-нд өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх санал гаргасан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-ны хуралдаанаар, гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Д.Гантулгын чөлөөлөгдөх саналыг хэлэлцэж дэмжсэн. Ингээд 6 дугаар сарын 14-ны чуулганы нэгдсэн хуралдааны үеэр нууц санал хураахад, Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг гишүүдийн 75 хувь нь дэмжсэн байна. Иймд УИХ-аас Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх 49 дүгээр тогтоол гаргасан. Энэ нь гишүүн өөр ажилд томилогдох, хүндэтгэн үзэх шалтгаанаар бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ өөрөө гаргасан бол ТББХ-оор хэлэлцэж, чуулганаар нууц санал хураан шийдвэрлэх хуулийн заалттай нийцэж байна. Тиймээс УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн УИХ-ын 49 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэж Цэц үзжээ.


Харин нөхөн сонгуулийн хувьд, УИХ-ын энэ оны хоёрдугаар сарны 2-нд баталсан 22, 23 дугаар тогтоол нь хууль зөрчсөн хэмээн Цэц дүгнэжээ. Тодруулбал, Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль хийх тов, зардал зэргийг тогтоосон дээрх тогтоол нь Сонгуулийн тухай, Төсвийн тухай болон бусад холбогдох хуулийн заалтыг зөрчжээ. Тухайлбал, УИХ-ын 23 дугаар тогтоолд, сонгуульд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна. Гэвч Сонгуулийн тухай хуулиар, сонгуулийн зардлыг улсын төсвөөс гаргана гэж хуульчилжээ. Харин 22 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийг ирэх сарын 30-нд товлосон. Гэтэл одоогийн хуулиар, гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас нэг жилийн дотор сонгууль зохион байгуулахгүй байхыг нарийвчлан тусгажээ.


Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, “Нөхөн сонгуулийг явуулахын тулд, сонгуулийн зардлыг улсын төсөвт суулгах,  зарим зүйлийг хуульд нийцүүлэх шаардлагатай” гэсэн тайлбарыг хэлэв.


Иймд Цэцийн шийдвэрийг УИХ хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой бөгөөд дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс нөхөн сонгуулийн тов тодорхой болно.


УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн УИХ-ын 2018 оны зургаадугаар сарын 14-ны 49 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж иргэн гомдол гаргажээ. Энэ хүрээнд Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг өнөөдөр хэлэлцсэн юм.

Холбоотой мэдээ