Б.Ганбат арслангийн нэрэмжит бөхийн барилдаан боллоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-05-27 21:05:57

Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сумын харъяат, Монгол Улсын арслан Б.Ганбатын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах "Аваргын гараа" өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан Аймгийн спортын ордонд хоёр өдрийн турш болж өндөрлөлөө. Барилдааныг дөрвөн насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн 90 гаруй өсвөрийн бөхчүүд хүчээ сорилоо 

Тэмцээний хамгийн бага нас буюу 15 настнуудын барилдаанд 26 бөх барилдаж Баян-Өлгий аймгийн Б.Имангали түрүүлсэн байна. Харин 16 настнуудын барилдаанд 27 бөх барилдаж, Ховд аймгийн Ц.Сумъяабазар, 17 настнуудын барилдаанд 24 бөх барилдаж, Улаангом сумын Улсын тэргүүний цогцолбор 2-р сургуулийн Б.Энхманлай, 18 настнуудын барилдаанд 18 бөх барилдаж мөн сургуулийн Л.Батзориг нар тус тус түрүүлжээ. 

Харин уран барилдаантай бөхийн шагналыг Улаангом сумын 3-р сургуулийн бөх Н.Тэмүүжин, Тэс сумын Х.Содномдаржаа нар хүртсэн байна. Багийн дүнгээр Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Увс аймгийн баг тамирчид 1-р байр, Г.Нямдэлэг дасгалжуулагчтай Ховд аймгийн баг тамирчид 2-р байр, Б.Бахыт дасгалжуулагчтай Баян-Өлгий аймгийн баг тамирчид 3-р байрыг тус тус эзэлжээ.

Тэмцээний шагналыг аймгийн удирдлагууд болон Улсын арслан Б.Ганбат нар гардуулан өгчээ.

 

Холбоотой мэдээ