Өсвөр насныхныг эрүүл аж төрөх дадалд сургах төсөл хаалтаа хийв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-05-28 15:36:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жайкагийн Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд, Өсвөр үеийнхнийг эрүүл аж төрөх  дадалд суралцуулах тогтвортой тогтолцоо байгуулах төслийг СБД-ийн 71 дүгээр сургуулиас эхлэн 35, 58, 31 болон “Шинэ үе”  хувийн сургуульд 4 жилийн хугацаанд хэрэгжүүллээ.  


БСШУСЯ, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар Японы Жич Анагаах ухааны сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран хэрэгжүүлсэн тус төслийн хаалтын ёслол өнөөдөр Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд болов.

 

Тус төсөл манай орны хүн амын 77 хувийг эзэлж буй 49 хүртэлх насныхны дотор хүүхэд залуусын дунд нэн чухал сэдэв болсон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, мэдлэг, мэдээлэл, ойлголтыг өгөхдөө эрүүл мэнд, боловсролын салбарын хамтын ажиллагаанд суурилан, хүүхэд залууст багаас нь амьдралын зөв дадал хэвшүүлснээрээ онцлогтой хэмээн төсөл хэрэгжүүлэгчид хэлж байна.


Монгол Улсын нийт хүн амын 40 орчим хувь нь 19-өөс доош насны залуус, өсвөр үеийнхэн. Сүүлийн жилүүдэд өсвөр үеийнхний эрүүл мэнд, тэр дундаа нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудлууд ихсэж байгаа юм. Нийслэлийн хүн амын 60 орчим хувь нь төвлөрөн суурьшдаг СБД-ийн гэр хорооллын бүсийн хувьд, өсвөр насны охидын жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин харьцангуй олон бүртгэгдсэн, хүүхдүүд сургуульдаа нөхөн үржихүйн эрүүл мэнд, хэрхэн эрүүл аж төрөх талаар хүссэн мэдээллээ авах боломж хомс байдаг. Мөн зөвхөн өсвөр үеийнхэн төдийгүй тэдний гэр бүлийнхэн болон тухайн хэсэгт оршин суугчид ч гэсэн эрүүл мэндийн зөв боловсрол олгох нэгдсэн тогтолцоо байдаггүйгээс эрүүл аж төрөхтэй холбоотой боловсрол, мэдээлэл авах боломж хязгаарлагдмал байдаг байна.

 

Үе тэнгийн зөвлөхийн сургагч багшаар ажиллах хүмүүсийг сонгон Японд сургалтад хамруулсан бөгөөд бэлтгэгдсэн сургагч багш нар Японы Жичи АУИС-ийн мэргэшсэн багш нартай хамтран Монголд үе тэнгийн зөвлөх бэлтгэх сургалт зохион байгуулж, үе тэнгийн зөвлөхүүдийн үйл ажиллагааг бүх талаар нь дэмжин ажиллажээ.

 

БСШУСЯ-ны СӨБГ-ын ахлах мэргэжилтэн, төслийн зөвлөх С.Болормаа хэлэхдээ, “Өсвөр үеийнхэн нөхөн үржихүйн талаар өөрт тулгамдаж буй асуудлаа найз нөхөддөө хэлж, эмзэг мэдээллээ хуваалцаж, бие биедээ илүү зөвлөж, дотно харилцдаг нас сэтгэхүйн онцлогт суурилсанд энэхүү төслийн мөн чанар байлаа. Төслийн хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд түшиглэн орон нутгийн удирдлагын байгууллагын шат бүхэнд хамтын ажиллагааг өрнүүлэх тогтолцоог бүрдүүллээ. Япон улсад хэрэгжүүлж баталсан онол арга зүйг дэлгэрүүлэн Мексик улсад түгээж, үргэлжлүүлэн Монгол оронд хэрэгжүүлсэн энэхүү төслийн  үр дүн  ирээдүй хойч үеийнхэнд үр нөлөөгөө өгсөөр байх болно. Улаанбаатар хотын СБД-ийн 71 дүгээр сургуулиас эхэлсэн төслийн үр дүн наашилсаар 460 гаруй үе тэнгийн сургагч сурагч, оюутан, дэмжигчдийн сургалтыг амжилттай хэрэгжүүллээ. Цаашид “Эрүүл ирээдүйн эзэд” ТББ түүчээлэн монголын ЕБС, их, дээд сургуулиудад энэхүү 4 жилийн үр дүн, туршлагаа монгол орны хөрсөнд нутагшуулах, түгээхэд бэлэн болоод байна” гэв.

Үе тэнгийн зөвлөгч АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 5-р курсын оюутан Б.Тэмүүжин:  Энэ төсөлд 3-р курсээсээ оролцсон. Сурагч үе тэнгийн зөвлөгч нар өөрсдөд нь тулгардаг асуудал учраас сайн ойлгож зөвлөдөг бол оюутан бидний хувьд илүү мэргэжлийн түвшинд бэлгийн замын халдварт өвчин, шилжилтийн насны онцлогоос хамаараад дараа нь үүсч болох эрсдэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, яаж ухаалгаар шийдэх, амьдралаа хэрхэн зөв төлөвлөх талаар зөвлөгөө өгдөг.

Үе тэнгийн зөвлөгч, 13 настай Г.Билэгтэгшрэх: Хүмүүс өөрийнхөө санааг шууд тулгадаг бол би үе тэнгийн зөвлөгч болсноосоо хойш хүмүүст тусалж чиглүүлдэг болсон. Манай Эрдмийн хөтөч 58  цогцолбор сургууль нийт гурван хичээлийн байртай. Сургуулийнхаа 80 хувь орчим хүүхдэд сургалтаа явуулсан. Сургалтаас гадна хүүхдэд тулгамдаж байгаа асуудлаар нь зөвлөмж өгдөг. Тухайлбал, надтай чацуу нэг охиныг үеийнхэн дундаа арай өсгөлүүн биетэй болохоор нь үе тэнгийнхэн нь том биетэй, өндөр гэж доромжлох, дээрэлхэх талтай байдаг. Тэр охинд, “Чи том биетэй байж болно. Энэ чиний буруу биш. Тэр хүмүүсийн л харах өнцөг юм. Хүн бүр өөрөөр сэтгэнэ. Тэр бодлоо чамд тулгах албагүй” гэж зөвлөж байсан. Мөн бид бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт, амьдралын зураг гэх мэтээр дунд, ахлах ангийн хүүхдийн сэтгэхүйд илүү ойрхоноор тусах дөхөм байдлаар зөвлөгөө өгдөг. Өсвөрийн зөвлөгч нар үе  тэнгийн сургагч бэлтгэх сургалтаас мэдээллээ авдаг.


Өсвөр үеийнхнийг эрүүл аж төрөх дадалд суралцуулах тогтвортой тогтолцоо байгуулах төслийн хүрээнд 2018 оны долдугаар сард “Эрүүл ирээдүйн эзэд” ТББ байгуулсан байна. Тус ТББ өсвөр үе, залуучуудад чиглэсэн эрүүл мэндийн сургалтыг зохион байгуулах, хяналт үнэлгээг хэрэгжүүлэх, өсвөр үе, үе тэнгийн зөвлөхийн ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай зөвлөх үйлчилгээ үзүүлэх аж.


М.Батчимэг

Гэрэл зургийг Н.Батбаяр




Холбоотой мэдээ