Никитон хамтлаг ХБНГУ-д тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-31 16:08:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Никитон" хамтлаг ХБНГУ-д хийх тоглолтынхоо гарааг  6 дугаар сарын 1-нд Берлин хотод, 6 дугаар сарын 9-нд Дюселдорф хотод хийх гэж байна. Энэхүү тоглолт нь Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог юм.

ГХЯ, ХБНГУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам энэхүү тоглолтыг дэмжиж, ХБНГУ дахь “Mongolian Step” Монголын соёл урлагийн агентлагийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ тоглолтын төслийг удирдан зохион байгуулж байна. Никитон 20 гаруй жил классик рок урсгалаар уран бүтээлээ туурвиж байгаа хамтлагийн нэг.

Тус хамтлаг гоцлол дуучин, ая зохиогч МУУГЗ Б.Батчулуун, даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч МУСТА Б.Чинбат, гоцлол гитарчин МУСТА Д.Өлзий-Орших, аргил гитарчин, саксофонч Ц.Цогтбаяр, залуу бөмбөрчин Н.Билгүүн нарын таван хүний бүрэлдэхүүнтэй. Үндсэн бүрэлдэхүүн дээр нэмээд туслах дуучидтай /back vocalist/ тоглолтоо хийнэ. Зохион байгуулагч Ц.Гэрлээ “Никитон хамтлаг бол авьяастай, чадалтай, дээгүүр үнэлэгддэг ховор хамтлаг. Учир нь, Монголд өөрсдөө хөгжмөө зохиогоод тоглоод дуулдаг нь цөөхөн шүү дээ. Үүний дээр энэ жил Никитон хамтлагийн 25 жилийн ой тохиож байна” гэв.

Өөр нэг онцлог нь, тоглолтыг театруудын нь хөтөлбөрт оруулж, цахим хуудаст нь мэдээллийг герман хэлээр байршуулж, онлайнаар тасалбар авах боломж бүрдүүлэн Берлин хотын урлагийн тоглолтын хөтөлбөрт багтаажээ. 


Никитон хамтлагийн тоглолтод Баварийн залуучуудын жазз оркестрын гоцлол дуучин Алма Найду зочин дуучнаар оролцоно. Алма багаасаа төгөлдөр хуур, хийл, сонгодог болон мюзикл дуучны мэргэжлээр суралцаж 2016 оноос Мюнхений хөгжим театрын их сургуульд жазз дуулаач болон хөгжмийн зохиомжоор суралцаж буй. Тэрбээр Нью-Йоркийн "Nublu" Jazz , Бургхаусэны олон улсын жаззын долоо хоног, "Alpenklassik Festival Bad Reichenhall", "EBE" Jazz зэрэг наадмуудад уригдаж, Sandy Patton, Tizian Jost, Joe Haider, Gregor Hübner зэрэг нэртэй жазз дуучид хөгжимчидтэй хамтран ажиллаж байжээ. Жазз, блюз, поп, мюзикл гэх мэт чиглэлд хөрвөх чадвартай авьяаслаг тэрбээр New York Voice-ийн тэтгэлгээр шагнуулж байжээ.

Холбоотой мэдээ