Багш нарыг зөөврийн компьютертэй болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг эцэслэн хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэв.
Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар хийв.
Ажлын баг энэ сарын 27-нд хуралдаж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Ингэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсэн анхны хэлэлцүүлгийн үеэр санал хураан шийдвэрлэсэн, хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төсөлд бүрэн тусгасан байна. Тухайлбал, төслийн хавсралтад иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх, гэр хороололд амины орон сууц байгуулахад урт хугацааны хөнгөлөлттэй нөхцөлөөр ипотекийн зээл олгохыг тусгажээ. Мөн нийслэл аймгийн төвийн инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийх, бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх, эмнэлгийн ажилтнуудыг В вирусийн эсрэг дархлаажуулах, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн багш нарыг зөөврийн компьютертэй болгох зэрэг зарчмын зөрүүтэй саналыг нэмжээ. Ботаникийн цэцэрлэгийг тохижуулах, байгалийн ургамлын үндэсний нөөц байгуулах барилга барих, соёлын баримтат өвийг хамгаалах, музей түүхийн соёлын өвийг сэргээн засварлалтын ажлыг эрчимжүүлэх, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Улсын соёлын өвийг хамгаалах, Бурхан халдун уулын соёлын өвийн менежментийн захиргааг байгуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг нэгбүрчлэн тусгасан байна.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ж.Бат-Эрдэнэ нар төмөр зам барих болон чөлөөт бүсийн бүтээн байгуулалттай холбоотой тодруулга хийж, хариулт авсан. Дараа нь ажлын багаас бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв.