Сум, орон нутгийн ЗДТГ-ын хуулийн мэргэжилтэн нотариатчийн үүрэг гүйцэтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-30 15:56:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлав.


Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Х.Нямбаатар танилцуулсан. Ажлын баг төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийсэн байна. Мөн анхны хэлэлцүүлгийн үеэр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэлээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.2-т заасны дагуу  хуулийн төслийн зарим зүйл, заалт хоорондоо зөрчилдсөн нөхцөл үүссэн гэж ажлын багаас үзсэн тул Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөлд нотариатч ажиллаагүй сумын Засаг даргын тамгын газар дарга эсхүл тус Тамгын газрын хуулийн мэргэжилтэн нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэх болсон. Үүнтэй холбоотойгоор үүрэг гүйцэтгэгч нь Засаг даргын тамгын газрын тамгыг хэрэглэхгүй, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгосон дугаар бүхий тогтоосон загварын дагуу тамга, баталгааны тэмдэг хэрэглэхээр хуулийн төсөлд тусгасан. Мөн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нотариатын үйлчилгээг албан татвараас чөлөөлөх заалтыг нэмж тусгах саналыг гаргасан байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар авав.


УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Нотариатчгүй сум, орон нутгийн тамгын газрын даргад байсан нотариатын эрхийг тус тамгын газрын хуулийн мэргэжилтэнд давхар олгож байгааг хуулийн төсөлд хэрхэн зохицуулсныг тодруулав. Мөн Нотариатчын танхимын удирдлагын үүрэгт хугацааны талаар асуув.  УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Хуулийн өөрчлөлтөөр, Нотариатын танхимын удирдлагыг нэг удаа дөрвөн жилийн хугацаатай сонгодог байхаар тусгасан. Нотариатын үүрэг гүйцэтгэгч нь  нотариатгүй суманд үүрэг гүйцэтгэх эрх эдэлдэг. Түүнчлэн хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газарт томилуулж ажиллуулдаг. Энэ хуулийн өөрчлөлтөөр, нотариатчийн үүргийг зөвхөн сум орон нутгийн ЗДТГ-ын дарга биш, хуулийн мэргэжилтэн нь давхар гүйцэтгэх боломжтой болсон. Үүнийг дагаж хууль зүйн асуудал эрхэлсэн захиргааны төв байгууллагаас тусгай тамга, тэмдэг олгох журам батална" гэлээ.


Гишүүдээс цахим мэдээллийн санг хэрхэн зохицуулах талаар тодруулж байв. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Цахим сангаар дамжуулан төрийн бүртгэл, мэдээлэлтэй уялдуулах хууль батлагдсан. Энэ хууль гарснаар нотариатаар үзүүлж байгаа үйлчилгээ Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдэж, шилждэг байхаар зохицуулсан.


УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, хуулийн төсөлд нотариатч заавал хуульч байх шаардлага тавьсан гэдгийг тодотгоод, одоо ажиллаж байгаа хуульчийн гэрчилгээгүй нотариатчийн асуудлыг хэрхэх талаар асуув. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “Хуульчийн гэрчилгээгүй 13 нотариатчын асуудлыг анхны хэлэлцүүлгээр ярьсан. Гишүүдийн гаргасан саналаар, тэдгээр хүмүүст нотариатчийн эрхийг олгох шийдэлд хүрсэн” гэв.

 

Инйхүү санал хураахад 74.4 хувийн саналаар Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа. 

Холбоотой мэдээ