Ц.Гарамжав: Хэвлэлээр гэмт хэрэг сурталчилсан агуулгатай мэдээлэл гаргахыг хориглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-30 17:16:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг хийв. 


Хуулийн төслийг ажлын багийн ахлагч Ц.Гарамжав танилцуулав. Төсөлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжийн хүрээг нарийвчлан уялдуулж, хууль хоорондын хийдэл, зөрчлийг арилгаж ажиллалаа. Үүнд Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хууль, хүүхэд хамгаалалттай холбоотой нийтдээ 20 гаруй хууль тогтоомжид заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг уялдуулан зохицуулсан. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл гэмт явдлын шалтгаан нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлж байгаагаараа онцлогтой. Нөгөө талаар урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого төлөвлөгөөтэй, төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийхээр тодотгосон гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулгадаа онцолсон. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, хуулийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг хэрхэн тооцсоныг асуув. 


Ажлын баг, "Одоогийн хуулиар, торгох ялын төлбөрөөс 40 хувийг нь тухайн орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд тусгахаар хуульчилсан. Гэвч үүнийг Сангийн яам хянахгүй олон жил болсон. Тухайлбал, Архангай аймаг гэхэд л 300 гаруй сая төгрөгийн торгууль төвлөрүүлсэн. Үүнээс 40 хувь буюу 140 сая орчим төгрөгийг оруулах ёстой ч 50 сая төгрөг хуваарилсан байна. Улсын хэмжээнд найман тэрбум төгрөг зарцуулах боломж бий. Сангийн яам сайн хянаж чадвар 10 хүртэлх тэрбум төгрөг зарцуулах боломж байна" гэлээ.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон хууль байгаа ч бодит хөрсөнд буухгүй байгааг тодотгов. Тэрээр, "Энэ хуулийн төсөл нь нийгмийг соён гэгээрүүлэх зорилготой гэж ойлголоо. Үүнд хэвлэл, мэдээллийн байгууллагыг хэрхэн оролцуулах вэ. Хуулийн төслийн хүрээнд ямар арга хэмжээ авах вэ" гэж асуув. 


УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, "Энэ хуулийн шинэчилсэн найруулга нь нийгэмд гэмт хэрэг гарч болох бүх салбарыг хамарч зохицуулагдсан. Энэхүү хуулийн төслийг хэрэгжүүлэхэд зөвхөн хуулийн байгууллага биш, нийтээрээ нийгмийг соён гэгээрүүлэхэд оролцох юм. Үүнд хэвлэл, мэдээллийн салбар гол хамтрагч болно. Тодруулбал, хэвлэл, мэдээллийн байгууллага нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үнэ төлбөргүй хэвлэн нийтэлж байх үүргийг хүлээнэ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг сурталчилсан, гэмт хэргийн үйлдлийг заасан агуулга бүхий мэдээлэл, дүрс гаргахыг хориглосон. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй хүнийг буруутай мэт мэдээлэхийг мөн хориглохоор зохицуулсан" гэв.


Ийнхүү байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй 30 саналыг санал хурааж, шийдвэрлэв.



Холбоотой мэдээ