Сэргээгдэх эрчим хүчний нэг кВт.ц-ийн дээд төлбөрийг 12 ам.центээр хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-30 19:03:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 


УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хуулийн төслийг танилцуулав. Хуулийн төсөлд дамжуулах сүлжээнд холбогдсон нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний худалдаж авах тарифын дээд хязгаарыг 12 ам.цент хүртэл, салхины эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг худалдаж авах тарифын дээд хязгаарыг 8 ам.цент хүртэл байхаар тусгажээ. Мөн хуулийн төсөлд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд техникийн асуудлыг анхаарч үзэх, үнээр өрсөлдүүлэх буюу тендер зарлах зохицуулалтыг оруулсан байна. Түүнчлэн хуулийн төсөлд төсөл хэрэгжүүлэгч компани санхүүгийн чадавхтай байх ёстой гэсэн заалтыг оруулжээ. Мөн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд бага чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг хэрэглэх байдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаатай холбогдуулан үнэ, тариф, урамшууллын тогтолцоог бий болгох шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзсэн байна.


УИХ-ын гишүүн А.Сүхбат, үнэ тарифын асуудал хамгийн чухал гэдгийг онцлов. Тэрээр, үнийн нэмэгдлийг хязгаарлаж буй зохицуулалтын талаар тодруулав. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, нар, салхины станцад авч байгаа тарифыг 2007 онд тогтоосон. Олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар, энэ тарифыг нэг кВт.ц цахилгаан эрчим хүчинд 6-8 цент төлөх бололцоотой байна. Тиймээс нар, салхины станцын төлбөрийг нэг кВт.ц эрчим хүчээс 8-12 центээс илүүгүй байхаар хуульчилж байна.


ЭЗБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Сэргээгдэх эрчим хүчний төлбөрт иргэн, ААН-ээс 12 ам.цент авч байна. Энэ  нь удахгүй 16 ам.цент болж нэмэгдэхээр байна. Цаашид дахин нэмэгдэх эрсдэл үүсэхээс сэргийлж энэхүү хуулийн төслийг боловсруулсан талаар танилцуулав.


Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, "Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тогтолцоо манай улсад маш муу байдаг. Нар жаргахаар нарны станцын ажил зогсоно. Энэ үеийн гэнэтийн цахилгааны дутагдлыг хангах хуримтлуурыг ашиглах хэрэгтэй. Манай улс ОХУ-аас 18-21 цагийн хооронд  хамгийн их эрчим хүч авч байна. Нар, салхин станцын төлбөрт иргэн, ААН-ээс 64 тэрбум төгрөг төлдөг. Энэ нь цаашид нэмэгдэж 112 тэрбум болохоор байна. Тиймээс дэлхийд нэвтэрсэн туршлагыг баримталж, үнэ тарифыг дээд хэмжээг тогтоохоор хуулийн төсөлд боловсруулсан. Үнийг өрсөлдөөний зарчимд тулгуурлан багасгах бодлого баримтлах юм. Тогтоосон дээд хязгаараас хамгийн бага үнийн санал хэлж байгаа ААН салхины станц барих эрх авна. Гэхдээ дэлхий нийтийн баримталж байгаатай ижил, нар жаргах, салхигүй болох үед үүсдэг цахилгааны асуудлыг усан цахилгаан станц болон зайн хураагуур, газан турбинаар шийдсэн байх ёстой" гэв.


Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас гарсан зарчмын зөрүүтэй саналыг санал хураах байсан ч чуулганы хуралдаан хаалаа.


Зарчмын зөрүүтэй саналд Төрөөс өрсөлдөөнт шалгаруулалт зарлахдаа сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх байршил, эх үүсвэрийн төрөл, хүч чадал, жилд худалдан авах эрчим хүчний хэмжээг урьдчилан тодорхойлдог байх санал гаржээ. Мөн тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд төслийг хэрэгжүүлэхэд нь төрөөс хийх боломжтой нөхцөл шаардлагаар хангасан байх гэсэн агуулга бүхий саналыг боловсруулжээ.

Холбоотой мэдээ